Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаалаас үүдэж, төр хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлэхээр болсон. Ингээд төрийн албан тушаалтнууд хотод том оврын автомашин унахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ТӨБЗГ-аас хот дотор төрийн байгууллагын удирдлагууд том оврын машин хэрэглэхгүй байх, төрийн өмчит компаниудын орлогч захирал, дэд дарга нарыг чөлөөлөх гэх мэт саналуудыг хэлэлцүүлж байгаа аж.
Ингээд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хэмнэлтийг төр өөрсдөө эхлүүлж байна. Төрийн өмчит компаниуд том оврын автомашин унахгүй бол хэдэн төгрөг хэмнэх вэ?
-Том оврын машиныг хот суурин газар огт хэрэглэхгүй байх зохицуулалт хийж байна. Ингэхээр 200 гаруй том оврын машиныг төвлөрүүлнэ. Үүнийгээ төвлөрүүлээд ангилал хийж, бололцоотой тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулан улсын төсөвт оруулна. Заримыг нь нэн шаардлагатай орон нутаг, хууль хүчний байгууллага гэх мэт нэн шаардлагатай байгууллагад нь шилжүүлнэ. Мөн төрийн албанд хэрэглэгдэх машины стандартыг хэрэгжүүлнэ. Хамгийн багадаа бодитоор 5 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Цаашдаа илүү хэмнэлт гарах байх.
-Ер нь хэмнэлтээс өмнө төрийн хэдэн машин байдаг. Хэдэн төгрөгийн зардал гаргадаг вэ?
-Төрийн болон төсөвт байгууллагын дарга нарын 1000 орчим машин дээр судалгаа хийхэд жилд 11 тэрбумыг зарцуулж байна.
-Машины тоо буурахаар жолооч нарын тоо буурах байх. Ажлын байрны асуудлыг яаж зохицуулах вэ?
-Үүнд гардаг зардал тэр хэмжээгээрээ танагдана.