Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Цэнд-Аюуш: Н.Учрал, Д.Сумъяабазар нартай уулзаж үзээгүй, Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч анх удаа ойроос харлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

Үнийн өсөлт, тэгш бус байдал, авлигын эсрэг тэмцсэн залуучууд Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагсаал зохион байгуулсан. Тэдний тавьсан шаардлагын дагуу Засгийн газар яаралтайгаар хуралдаж, 15 шаардлагын 11-ийг нь шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг жагсагчидтай уулзах үеэр эндэр дээр байсан "Аавуудын групп"-ын админ Т.Цэнд-Аюушийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нартай хамт ажиллаж байсан. НАМЗХ-ны үүрэг даалгаврын дагуу жагсаалын агуулгыг өөрчилсөн гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байгаа юм.

Энэ асуудлаар түүнээс тодрууллаа.

-Залуучуудын жагсаал үр дүнгээ өгч, Засгийн газар яаралтайгаар хуралдсан. Мөн залуучуудын тавьсан шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулахаар болж байна. Таны хувьд энэ ажлын хэсэгт орж ажиллах уу?

-Намайг хүмүүс жагсаал зохион байгуулсан гэж буруу ойлгоод байх шиг байна. Би зохион байгуулаагүй. Залуучуудын сэтгэл зүрхээрээ нэгдэж очсон, зохион байгуулсан жагсаалд очиж, өөрийнхөө амьдралд тулгамдаад буй бодож явдаг 3-4 шаардлагаа л залуучуудын шаардлага дундуур оруулчихъя л гэж бодсон. Намайг очиход жагсаал хэдийнээ эхэлсэн байсан. Тухайн үед хэдэн залуучууд шаардлага албан ёсных байх ёстой гээд нөөтбүүк дээр шаардлагуудаа нэгтгэж байхаар нь урагшаа гарчихсан. Миний зорилго бол залуучууд тайван жагсаасай, ёсзүйтэй байгаасай л гэж хүссэн.

Хэдхэн жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр жагсаж, М.Энхболд гэдэг хүнийг л зайлаад өгвөл улс орон сайхан болчих гэсээр байгаад Ерөнхий сайд болчихсон. МАН-ын дарга хүртэл болчихсон. Гэтэл одоогийн залуучууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зайлаад өгөөч ээ гээгүй. Зүгээр л ажлаа сайн хийгээчээ л гэж байгаа юм. Залуучууд урагшаа нэг алхаж чадлаа. Ерөнхий сайд гарч ирж залуучуудтайгаа уулзаж, ЗГ ээлжит бусаар хуралдсан. Цаашдаа УИХ хуралдаж шийдвэр гаргах байх. Үр дүнтэй байсан гэж бодож байна.

-Таны зүгээс яг ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Би дөрвөн шаардлага л тавьж байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хуулиараа УИХ-ын Ёсзүйн дэд хороо шалгадаг юм. Авлигын тухай хуулийн 13.2 гэсэн заалт бий. Энэ заалтыг 2012 онд УИХ-аараа өөрчлөөд УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ шалгадаг байсныг Ёсзүйн дэд хороо шалгадаг болсон. Тэгэхээр өөрийн өөрийгөө шалгадаг хуультай болсон байна. Үүнийг болиоч гэж байгаа.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 22.2 гэдэг заалт бий. 22.1 гэдэг авлига албан тушаалын заалт байна. Үүнийг 2017 оны тавдугаар сард хүчингүй болгочихоод гишүүд нь ЖДҮ хулгайлж байна. Би хоёр ч удаа найзуудтайгаа нийлж, залуучуудыг цалинжуулъя гээд төсөл бичээд шалгарч байгаагүй. Өнөөдөр залуучуудын боломжийг албан тушаалтнууд хуулийн дагуу хулгайлж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна.

Гуравдугаарт, Би Монголдоо сайхан амьдармаар байна. Би 2 жилийн өмнө авдаг байсан цалин яг л хэвээрээ байна. Гэтэл амьдралд хүрэлцэхгүй байна. Хүүхдүүддээ дуртай зүйлийг нь авч өгч чадахаа болилоо. Өрнөөс өр, зээлээс зээл, талхнаас талхны хооронд амьдарч байна. Гэтэл албан тушаалтнууд яагаад үнийн өсөлтийнхөө эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. УИХ-ын гишүүд гэхээрээ л бидний өгсөн татварын мөнгөөр сайхан амьдрах ёстой юм бэ.

Дөрөвдүгээрт, УИХ-ын дарга ард иргэдээ хэмнэлт хий гэсэн. Үүнд дургүй хүрч байна. Засгийн газар, УИХ эхлээд өөрсдөө хэмнэлтээ хий. Энэ шаардлагуудаа л залуучуудын шаардлага дунд оруулчих юмсан гэж бодоод л жагсаалд оролцсон.

-Засгийн газраас байгуулах ажлын хэсэгт оролцох уу?

-Яг үнэндээ оролцох хүсэл алга. Залуучууд арай өөр болсон байна гэдэгт итгэж байгаа. Ёсзүйтэй, боловсролтой, зөв бодолтой залуучууд нь тэр ажлын хэсэгт багтаад шахаж шаардаад үр дүнгээ үзээсэй гэж хүсэж байна. Үр дүнгээ үзэхийн төлөө явах хэрэгтэй. Гэхдээ сүүлд Ерөнхий сайд гарч ирэхдээ зарим шаардлагуудын талаар яриагүй. Тиймээс тухайн шаардлагуудын төлөө зөвөөр явахыг хүсэж байна. Тайван сайхан амьдармаар байна. Хүүхдүүддээ сайхан нийгэм үлдээмээр байна. Харамсалтай нь намын троллууд харлуулаад байгаа нь харамсалтай байна. Залуучуудын чин сэтгэлээсээ очсон жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэтээр харлуулах гэж оролдож байгаад харамсаж байна. Залуучууд өөр болсон юм чинь ялгаж салгаж ойлгох байх аа.

-Та намын харьяалалтай юу?

-Үгүй. Тийм зүйл байхгүй. Би ямар нэгэн намын уулзалтад очиж үзэж ч байгаагүй. Мөрөөрөө хөдөлмөрлөөд боломжоороо амьдарч байгаа жирийн нэг залуу.

-Таныг НАМЗХ-ны үүрэг даалгавраар жагсаалыг зохион байгуулсан гэх шүүмжлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын дарга Д.Сумъяабазар нартай холбож байх шиг байна?

-Би одоогоос жилийн өмнө Нийслэлийн Байгаль орчны газарт хэвлэл мэдээллийн мэргэжилтэн хийдэг байсан. Төрийн албанд ажиллаж үзье, сурах зүйл байвал суръя гэж бодоод орсон. Гэвч миний хйиж байгаа зүйлтэй цаг хугацааны хувьд таарахгүй байсан учир өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Одоо жижиг бизнес хийгээд явж байна. Ний нуугүй хэлэхэд, Төрөөс өгч буй цалингаар амьдрах боломжгүй учраас гарсан. Хувийн юм хийж амьдралаа дээшлүүлэхээр гарсан. Гэхдээ олон залуусыг төрд ажиллаад үзээсэй, төрийн цалингаар амьдарч болох нь уу үзээсэй гэж хүсэж байна.

Би нийгэмд гэрэл асаахыг л хүссэн. Өөр зүйл байхгүй. Би УИХ-ын гишүүн Н.Учралтай уулзаж байгаагүй. Нийслэлд ажиллаж байсан хэрнээ Хотын дарга Д.Сумъяабазартай таарч ч байгаагүй. Нэгмуу мэргэжилтэнтэй яасан гэж ч уулзах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анх удаа жагсаал дээр л ойр байж үзлээ.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чихэнд юу шивнэсэн бэ?

-Нэг залуу гарч ирээд микээр юм ярьсан. Би Ерөнхий сайдын хажууд нөөтбүүкээр юм бичиж байсан чинь "Сая юу гэсэн бэ" гэж надаас асуусан. Тэгэхээр нь "2017 оны тавдугаар сард та хэдийн хүчингүй болгосон Эрүүгийн хуулийг ярьж байна" л гэж хэлсэн. Ер нь залуучууд шал өөр болсон нь тэр жагсаалаас харагдсан.

-Ер нь жагсаалыг хэр үр дүнтэй болсон гэж харж байгаа вэ?

-Хэзээ залуучууд өмнө нь өөрсдийнхөө сэтгэлийн дуудлагаар очоод газар суугаад нэг ч хог хаяхгүй, үймээн самуун дэгдээхгүй жагсдаг байсан юм бэ. Залуучууд хэдэн мянгаараа жагсаж очиж байна гэдэг нь нэг алхам урагшилж байна гэсэн үг. Хэзээ Ерөнхий сайд нь өөрөө гарч ирээд залуучуудынхаа үгийг сонсдог байсан юм бэ. Гэхдээ үр дүнгээ үзэх нь чухал. Залуучууд намын троллыг дагаж, намайг харлуулж, надруу дайрахын оронд Ерөнхий сайдаас шаардлагынхаа хариуг л шаардах хэрэгтэй. Би Ерөнхий сайдаас үнийн хөөрөгдөл танд хэрхэн нөлөөлж байгааг асуумаар байна. Асуух зүйл олон байна. Залуучууд зөв зүйлийн төлөө дуугараасай.

-Та жагсаалын үеэр Ерөнхий сайдтай ойр байсан. Яагаад эдгээр асуултаа асуугаагүй юм бэ?

-Би өөрийнхөө тавьсан дөрвөн шаардлагыг асуусан. Гэхдээ маш олон залуучууд байсан учир давхцуулаагүй учир бусдыг нь асуугаагүй. Үнийн хөөрөгдлийг тухайн үед олон асууж байсан. Давхцуулаад ч болов асуудаг байж гэж харамсаж байна.

-Жагсаалд оролцсон залуучуудаас цагдаагийн байгууллага тайлбар авч байна гэсэн. Таниас авсан уу?

-Одоогоор өгөөгүй. Гэхдээ өгөх хэрэгтэй гэж залгасан. Дахиад залгавал очоод өгөх байх.

ШУУД: Н.Учрал, Д.Сумъяабазартай нартай уулзаж үзээгүй, Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч анх удаа ойроос харлаа
ШУУД: Н.Учрал, Д.Сумъяабазартай нартай уулзаж үзээгүй, Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч анх удаа ойроос харлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.