Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.
Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14 мянга 832 га талбай түймэрт өртсөн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байгаа юм.
Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, дээрх хуулийн 5-ын 14-д иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15-ын 2-т хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулахаар заажээ.
Дашрамд дурдахад хөл хорионы үеэр иргэд зуслангийн байшин болон гэртээ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд ч бүртгэгджээ. Өнгөрсөн онд гал түймрийн улмаас 54 хүн амь насаа алдсан тоон мэдээлэл бий.