Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Намшир” гэдэг газарт иргэн 59 настай эрэгтэй М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Соната-7” загварын суудлын автомашинтай “Чулуут гол”-ын хавцал руу осолдож нас баржээ. Тодруулбал, тус ослын дуудлагыг цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 13:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Тухайн иргэн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байжээ.