Хөгжлийн банкны ТУЗ-н хараат бус гишүүн Ү.Амарбат Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Кью Эс Си" компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр түүнийг дагасан бүтээн байгуулалтын хулгайлж авсан үйл ажиллагаа явагдсан байна. Үүнийг хувийн банкаараа буюу хэд хэдэн Засгийн газрын төрийн өмчийн дарга нарыг дамнуулж, Төмөртэй ордын эзэмшлийг улсад нэг ч төгрөг төлөхгүйгээр авснаас гадна 410 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү орд нь 2008 он хүртэл бусдын хууль бус эзэмшилд байсаар ирсэн. Үүнийг 2006 онд Буянгийн Жаргалсайхан тухайн ордыг улсад авах ажлыг эхлүүлж, 2008 онд нэг удаа буцаан авсан баримт бий. 2008 оноос эхлэн "Кью Эс Си" компани түүний эзэмшигч гэх Д.Эрдэнэбилэг авах ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл тухайн "Кью Эс Си" компани нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг авсан гэх компанитай яг нэг өдөр байгуулагдсан, Хан-Уул дүүрэгт байрлалтай, ажилчдадаа нйигмийн даатгал ч төлж байгаагүй түүхтэй компанийг сонгон шалгаруулсан. 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр "Кью Эс Си" компанид өгье гэх Засгийн газрын тогтоолыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр Концессийн гэрээгээр хувьд очсон. Монголын түүхэнд концессийн гэрээний ангилал өөрчилсөн ганц гэрээ нь энэ.
Эл асуудал дээр Хөгжлийн банк нэг төмөр замыг хоёр удаа санхүүжүүлсэн гэх түүхтэй болж үлдэж байгаа юм. Шүүхээс бодит өртгийг нь 40 тэрбум гэж тогтоосон. Гэтэл 40 тэрбумаар барих төмөр замаа санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 71 сая ам.долларын зээл авсан. Үүнийг зээлэх үед Хөгжлийн банкинд мөнгө байгаагүй. Гэтэл зээлийнхээ мөнгийг Хөгжлийн банк нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийг анхнаасаа төлөх зорилгогүйгээр авч, мөнгөө угаасан байгаа юм. Концессийн ангилал өөрчилж 40 тэрбумаар барьсан төмөр замаа улсад хүлээлгэж өгсөн. Ингэхдээ 112 сая доллараар улсад хүлээлгэн өгчээ. Өнөөгийн ханшаар 600 тэрбум төгрөгөөр 40 тэрбумын төмөр замыг улсад хоёр удаа зарсан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны зээлтэй хамааралгүй гэж хэлдэг мөртлөө Концессийн гэрээ байгуулах эрхийг тэрбээр өгсөн. 2018 онд Хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний хугацаа дууссан. Улсын дээд шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 13-нд 191 тэрбум төгрөгийг тус компаниар төлүүлэх шийдвэр гарсан. 191 тэрбум төгрөгийг одоогийн ханшаар бодвол 59 сая ам.доллар болж байна. Товчхондоо, Хөгжлийн банк "Кью Эс Си" компанид 71 сая доллар зээлүүлчихээд найман жилийн дараа 59 сая ам.долларыг авах нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Гэтэл үүнийгээ шүүх дээр яагаад ялчихсан мэтээр яриад байгаа юм бэ. Банк хохирсон байна. Эдийн засгийн утгаараа хохирол гэж байх ёстой. Үүнийг нэхэх хэрэгтэй" гэв.