Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюун ба ирээдүйн дайн

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 27 секунд

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things),   Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд  таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна. Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм. Үүнд:

  1. Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
  2. Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
  3. Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа  гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
  4.  ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.

Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна.  АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ. 

АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна.  АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав.  Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна.  ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.

ХИЙМЭЛ ОЮУН  олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь

Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио,  радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.

РОБОТ ба бөөн технологи (swarming technology)

Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна.  Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар  хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.

АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь "дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно" гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.

Цахим дайнд хиймэл оюуны технологийг ашиглан цэргийн GPS эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулын дохионд дайснууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна. Жишээлбэл, жижиг, хөдөлгөөнт цахилгаан соронзон долгион сарниулагчийг дайсны довтолгооны мэдрэгч, харилцаа холбоонд нөлөөлөхөд ашиглаж болох бөгөөд энэ нь кибер халдлагатай хамтарч дайсны хамгаалалтыг төөрөлдүүлж, даван туулахад ашиглагддаг. Оросын арми Сири болон Зүүн Украины  байлдааны бүсэд GPS-ээр удирддаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн ажиллагааг тасалдуулах ажиллагаагаа баттай байлгахын тулд долгион сарниулагчдыг байрлуулсан гэж мэдэгдэж байсан.

Эцэст нь хэлэхэд дэлхийн томоохон гүрнүүд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэвшилтэт технологиудыг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэрэглээд эхэлсэн төдийгүй энэ чиглэлд давуу байдал олж авах өрсөлдөөнд хэдийн оржээ.

 Swarming technology –хэд хэдэн өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож байлдааны ажиллагаанд нэгдсэн зорилгын төлөө уялдуулан зохицуулдаг технологийн дэвшлийг хэлнэ.

 Loitering attack munitions – Бай байрлах хэсэгт хэд хэдэн өөрийгөө удирдах зэвсэг илгээж хүлээж байгаад байг олмогц халдлага үйлдэж устгадаг зэвсгийн систем. Амиа хорлогч дрон, камикадзе дрон ч гэж нэрлэдэг.

Эх сурвалж: ТЕГ

"БНСУ-аас бусад улсад цөөн хүн байгаа учраас таван шалгуур үзүүлэлтээс гадна бусад иргэд багтаад ирсэн"
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.