...
-Чи эх орондоо хайртай юу?
-Хайртай байлгүй яах вэ
-Тэгвэл эх орны тухай шүлэг мэдэх үү?
-Би “Монгол хүн” гэдэг шүлгийг мэднэ. Би уншиж өгөх үү. Гэхдээ жаахан сэтгэл хөдлөлөө харуулах байх шүү.
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.
Хэмээн цолгиун дуугаар унших энэ хүүг Баятбаярын Ерөөлт гэдэг. Ард түмэн “Аяыг таа нэвтрүүлгийн гоц авьяастан” гэдгээр нь андахгүй дээ. Арга ч үгүй биз. Ая болгоныг 2 нотонд тааж алмайруулсан юм чинь...
Сэтгэл санаа нэг л бусгаж давхиад тогтдоггүй хаврын эл өдрүүдэд хэн нэг сайхан сэтгэлтэй аль эсвэл дулаахан харцтай хүний сэтгэл дотор нь юм уу, харцанд нь ороод суучихмаар санагддаг шүү дээ. Гэтэл Б.Ерөөлт хүү яг л тийм сайхан хүмүүсийн нэг аж. Түүнээс хамгийн түрүүнд анхаарал татах зүйл нь “хунгийн далавч лугаа хумбан цагаан хуруунууд” нь. Төгөлдөр хуурын хар цагаан товчлуур дээр бүжих хуруунуудыг нь хараад хун шувууд л дулаан орныг зорин нисэхдээ агаарыг далавчаараа тийнхүү зөөлөн “халбагадан, халбагадан” нисдэг болов уу гэх бодол, мэдрэмж төрж байсан шүү. Чимхээд авчихмаар булцгар цагаан хацар, харцанд нь буусан сайхан бүхэн дотогшоо л урсдаг болов уу гэмээр хүнхэр хар нүд, нүд хамартаа багагүй томдсон өргөн хар хүрээтэй нүдний шил, мөрөндөө үл ялимгүй шүргэх долгионтой хар үс гээд түүнд урлагийн хүнд заяах ёстой бүхэн өв тэгш заяажээ.
Тэр төгөлдөр хуурынхаа ард суухад л “үүлэн дээгүүр алхаж буй мэт болж бүх гунигаа мартаж орхидог” гэдгээ бидэнд хэлсэн юм. Камер хараад багагүй сандарч үсээ байн байн хойш илэх Б.Ерөөлт 2 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоголж сурсан тийм л гоц авьяастан. Харин тоглох дуртай ая нь Л.Бетховены Сарны сонат, В.А.Моцартын 40-р симпони, Шопен, И.С.Бахын аязууд гээд л дэлхийн сонгодгуудыг эгшиглүүлж чадна гэдгээ итгэл бардам хэлнэ. Зөвхөн дэлхийн сонгодгуудыг тоглох гэдэггүй Камертон хамтлагийн 18 нас, Харангын “Үзэсгэлэнт минь”, Б.Шаравын сэрсэн тал гээд түүнд тоглож чадахгүй ая ховор гэнэ. Би түүнээс “чи ямар мөрөөдөлтэй вэ” хэмээн асуухад дэлхийн хамгийн том тайзан дээр тоглолт хийх хүсэл мөрөөдөлтэй хэмээн хариулсан юм.
Ямар нэгэн хөгжмийн ая хэмнэлийг амьсгаа авч гаргах шигээ мэдэрдэг түүний дотоод ертөнц сэлээд гаталж бармааргүй далай юм билээ. Тэрбээр ганцхан хөгжим тоглохоос гадна теннис тоглох, усанд сэлэх мөн хажуугаар нь англи хэлийг өөрийн унаган хэл шигээ сурсан байна. Энэ талаараа “хэл суралцах, спортоор хичээллэх, хөгжим тоглож сурахад ганцхан л чухал зүйл байдаг. Ямар ч хүн тууштай байж чадвал бүхнийг ялан дийлнэ” гэж үе тэнгийн найз нөхдөдөө хэлсэн юм.
Ийм дотортой ярилцагч олж авсандаа их л олзуурхаж дэвэн дэлхийн юм хамж шимж асуусан сан. Танай гэрийнхэн чамайг хэр дэмждэг вэ, найз охинтой юу гэх шальдар булдар асуултад минь хариулсан нь энэ. “Миний ард бүх юмыг дааж хариуцаж байдаг хүмүүс бол манай ээж аав өвөө эмээ маань. Харин сурахаа эрхэм дээд нэн тэргүүний зорилго болгосон учраас одоохондоо найз охингүй байна. Гэхдээ өмнө нь бүтэлгүй дурлалтай учирч байсан шүү” хэмээн зөөлхөн инээмсэглэсээр бидний богинохон ч гэсэн дуутай шуутайхан шиг яриа өндөрлөх тал руу гаа хандсан юм.
Харин анх "Аяыг таа" нэвтрүүлэгт орохдоо жил гаруй хөгжим сонсож бэлтгэл хийж тэр тэмцээнээс хойш одоог хүртэл таних хүмүүс нь таньдаг учраас “Од болох их гоё” гэдгээ ч нуугаагүй юм.
Ярилцаад дуусахын алдад түүний Queen хамтлагийн "Bohemian Rhapsod"-ыг төгөлдөр хууран дээрээ тоглож буй бичлэгийг үзээд зүрх сэтгэл минь хайлах шиг л болж "Ай хөгжим энэ залуугийн дүүлэн нисэх даль жигүүр юм даг уу даа" гэх бодол орж ирсэн шүү
Ярилцлага эхэлснээс авахуулаад дуусах хүртэл надад нэг л зүйл бодогдсон нь энэ хөргийн гарчиг болж хувирсан юм.
Тиймээ энэ бол “Дотоод тэнгисийнх" нь эрэг дээр төгөлдөр хуурын ая эгшиглэдэг ХҮҮ Б.Ерөөлт.