Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Харилцаа холбооны салбарынхан санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу талтай“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 23 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.04.10) харилцаа холбооны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээг харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд бүхий л талаараа дэмжин ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, www.econtent.edu.mn цахим сайтад байрласан теле хичээлийг гар утаснаас болон өрхийн интернетээр үзэх, IPTV видео сангаас теле хичээлийг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн.

Хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үзсэн байна. Мөн 11 их дээд сургуулийн цахим хичээл явуулж байгаа порталуудыг үнэ төлбөргүй болгосоны зэрэгцээ оюутнуудад сургуулийнхаа цахим сайт руу хэрэглээ болон хурдны хязгааргүй дата ашиглан хандах бололцоог бүрдүүлжээ.

Боловсролын чиглэлээр хийсэн дээрх ажлуудаас гадна хэрэглэгчдийн дата үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлэх, цахим сувгаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд дата багц бэлэглэх, өрхийн интернетийн суурь хураамжийг хөнгөлөх гэх зэргээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаараа танилцуулсан юм.

IPTV видео сангаас дэлхийн шилдэг кинонуудыг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн нь нийтдээ 2 сая 534 мянган хандалттай байгаа аж. Зарим орны олон улсын ярианы тарифыг хямдруулж, цахим төлбөр тооцооны данс хооронд шимтгэлгүй болгоод байгаа гэв.

Үүний сацуу салбарын албан хаагчдад ариутгал, хамгаалалтын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажлын цагийг богиносгох, ажилтнуудынхаа 40-60 хувьд гэрээсээ ажиллах боломж олгох, ажлын байран дахь хүмүүсийн төвлөрлийг бууруулах зорилгоор ажлын байрны дахин төлөвлөлт хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл орон тоо цомхотгох, ажлын байр цөөлөх арга хэмжээ аваагүй гэлээ.

Үргэлжлүүлэн тус салбарын зүгээс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Тодруулбал, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгож, үнэ төлбөргүй хандах боломжийг бүрдүүлэх, коронавирус (COVID-19)-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн аппликэйшн хөгжүүлэх талаарх саналуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүссэн нөхцөл байдлын харилцаа холбооны салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар мөн товч танилцуулсан. Ярианы үйлчилгээний ачаалал буурснаар орлого буурч байгаа бөгөөд цаашид буурах хандлагатай байгаа гэв. Түүнчлэн дата хэрэглээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, үнийн өөрчлөлтгүйгээр багтаамж, хурдыг нь нэмэгдүүлж байгаагийн улмаас ачаалал огцом нэмэгдсэн нь сүлжээний хэт ачаалал үүсгэн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгээд байгаа аж.

Коронавирус (COVID-19)-ийн халдвар тархсан нь дэлхий дахинаа шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа ч харилцаа, холбооны салбарын хувьд хямралыг боломж болгох гарц байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Олон жил яригдаж ирсэн дижитал шилжилтийг хийх үүргийг харилцаа, холбооны салбарын удирдлагуудад чиглэл болгосон гэдгээ дурдлаа.

Боловсролын салбар одоогийн байдлаар 1 улирлын хичээлийг теле хувилбарт амжилттай шилжүүлээд байгаа бол 06 дугаар сарын 01-ний өдөр хичээлийн бүтэн жилийн хөтөлбөрийг теле хувилбарт шилжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Энэ жил 28.5 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд эдгээр сурагчийг шалгалтад бэлтгэх асуудлаар холбогдох талууд судалгаа хийж байгааг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Иймд төгсөх ангийн нийт сурагчийг цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэх бололцоог дэмжин ажиллахыг уулзалтад оролцож буй үүрэн холбооны оператор компаниудын төлөөллөөс хүсэв.

Малчдын зээлийн хугацааг хойшлуулах саналыг банкуудад хүргүүлээ
Малчдын зээлийн хугацааг хойшлуулах саналыг банкуудад хүргүүлээ
 
УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.