Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Мөнгөний бодлогын хүүгээ өссөн нь “бай”-гаа оносон шийдвэр мөн үү

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 48 секунд
Гэрэл зургийг Ubn.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт суларч худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн хэдий ч хилийн хязгаарлалттай холбоотойгоор уул уурхай, тээвэр, барилгын үйлдвэрлэл буурснаас эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хүлээлтээс бага гарсан.

Төв банкны зүгээс энэ үйлдлээ тодорхой бус байдал огцом нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр байгаагаас энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод байгаатай холбон тайлбарласан.

Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэн нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед хир оновчтой шийдэл болсон талаарх эдийн засагчдын байр суурийг хүлээн авч уншина уу.

Эдийн засагч Ө.Ганзориг: Төгрөгийг сулруулж, үнэгүйдүүлсэн үйлдлүүдийг сүүлийн 30-аад жил хийж байна. Хэт сүржигнэхээ болиод алтны экспортоо нэмэгдүүлэх ажлаа хийх хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд удирдах алба, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкнуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан эдийн засагч юм. Одоогоор Мандал даатгалын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж байна.

Тэрбээр "Монголбанкны зүгээс бодлогын хүүг 9 хувьд хүргэж буй гол шалтгааныг долларын ханш, инфляцын өсөлттэй холбон тайлбарлаж байна. Зарим улс төрчид ч тэгж шахаж байж ч болзошгүй. Эдийн засагч хүний хувьд үүнийг буруу шийдвэр гэж үзэж байна. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед инфляцтай бодлогын хүүг өсгөж тэмцэнэ гэдэг нь ямар ч үр нөлөөгүй.

Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр хүмүүсийн хэрэглээ багасна. Хүмүүсийн хэрэглээ багассанаар инфляц буурна гэж эдийн засгийн онолоор тайлбарладаг. Гэтэл манай эдийн засагт хил гаалийн асуудлаас үүдэн бараа бүтээгдэхүүний хомстол үүссэн.

Одоо 6-7 хувь байсан хадгаламжийн хүү 9-10 болох нь тодорхой. Үүнийгээ дагаад зээлийн хүү 300 пунктээр нэмэгдэх болно. Зээлийн хүү өссөнөөр мөн орон сууц, барилгын м.кв-ын үнэ өснө. Энэ нь инфляцыг бууруулах бус эсрэгээрээ өсгөх болно.

Яагаад ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Эдийн засагч хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байна.

Долларыг заруулахгүй гацааж байгаа нь төгрөгийг үнэ цэнэгүй болгож байна. Монгол төрийн баталгаа болсон төгрөгийг үнэ цэнэтэй байлгаснаар төгрөгт итгэх итгэлийг бий болгоно. Эдийн засгийг удирдана гэдэг нь ард олны "төгрөг"-т итгэх итгэлийг удирдах тухай асуудал байдаг. Үүнийг Монголбанкны нөхдүүдэд 17,8 дахь жилдээ хэлж байна. Харамсалтай нь ойлгох хүсэлгүй байх шиг байна. Дандаа төгрөгийг сулруулж, үнэгүйдүүлсэн үйлдлүүдийг сүүлийн 30-аад жил хийж байна. Хэт сүржигнэхээ болиод алтны экспортоо нэмэгдүүлэх ажлуудаа хийх хэрэгтэй" гэсэн юм.

Б.Өлзийбаяр: Хил нээгдэхгүй, нөхцөл байдал сайжрахгүй байхад инфляц буурах шалтгаан харагдахгүй байна

Гэрэл зургийг mpa.mn

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр

Японы Ёкохамагийн үндэсний их сургуулийг бизнес удирдлага, Английн Вестминстерийн их сургуулийг макро эдийн засаг ба Засгийн газрын шинэчлэлийн чиглэлээр тус тус дүүргэсэн. “Өлзий & Ко Капитал” компанийг үүсгэн байгуулахын зэрэгцээ Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн даргаар ажиллаж байна.

Тэрбээр "Инфляцын түвшин өсөх үед авах хамгийн “классик” арга бол мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх. Гэхдээ ямар нөхцөлөөс шалтгаалан инфляц өссөн гэдгийг сайтар судлах шаардлагатай байсан болов уу. Ковидын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд засгийн газраас их хэмжээний мөнгө нөөцөлсөн. Энэ мөнгөний нийлүүлэлттэй холбоотойгоор инфляц өдөөгдсөн байж болно.

2012 онд инфляц 14 хувийн түвшинд хүрч байсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт нь 14 хувьтай байсан. Энэ үед гадаадын хөрөнгө оруулалт их. Иргэд, ААН-үүд мөнгөтэй, худалдан авах чадвар сайн байсан. Иргэдийн худалдан авах чадварыг дийлэхгүй барааны хомстол үүсэж улмаар инфляц өдөөгдсөн.

Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад эдийн засаг 3 хүрэхгүй хувийн өсөлттэй байгаа. 2012 онтой харьцуулахад инфляц өдөөгдөж байгаа шалтгаанууд нь эсрэгээрээ байна.

Ерөнхий шинж чанараар нь харвал одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн онолоор явахад боломжгүй харагдаж байна. Бодлогын хүүг дагаад банкууд хадгаламжийн хүүгээ нэмдэг байсан. Одоо ийм зүйл болохгүй болов уу гэж үзэж байна. Учир нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан банкнууд зээл гаргахгүй. Тиймээс өөрсдийн эх үүсвэрийн өртгийг нэмэхгүй байх. Хил нээгдэхгүй, нөхцөл байдал сайжрахгүй байхад инфляц буурах шалтгаан харагдахгүй байна" гэв.

Б.Лакшми: Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь эдийн засаг нэлээд хүндэрч буйн дохио

Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч, Б.Лакшми нь Мигма” ХХК, “ Наран моторс” ХХК-д тус тус ажиллаж байгаад 2010 оноос Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. 2014 – 2019 он хүртэл Улаанбаатар Хөгжлийн корпорацын ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эмэгтэй захирлуудыг клубийн гишүүн, Санхүүгийн зах зээлийн холбооны гишүүн юм.

Тэрбээр, "Бодлогын хүү нэмэгдэж байгаа нь үр дүн өгөхгүй гэж харж байна. Инфляцын өсөлтийг харвал нийлүүлэлтийн гаралтай өсөлт харагдаж байна. Хэрэв эрэлтийн гаралтай инфляц байсан бол бодлогын хүүг нэмэх нь зөв байсан байх.

Миний хувьд бодлогын хүүг 2.5 хувиар өсгөсөнд гайхаж байна. 2.5 гэдэг бол огцом өсөлт. Сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогын хүүг өсгөх бус бууруулах шинжтэй байсан. Зайлшгүй нэмэх шаардлага байсан бол алгуурхнаар буюу бага багаар өсгөсөн бол арай үр дүнтэй байх байсан болов уу.

Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь эдийн засаг нэлээд хүндэрч буйн дохио. Ингэснээр банкнуудын гаргаж буй зээлийн бүтээгдэхүүнүүд нь багасна.

Эдийн засгийн хөгжлийн амин чухал зүйл нь мөнгө. Мөнгөний олдоц муудсанаар эдийн засгийн хөгжлөө дэмжих бус боомилох талруугаа орох сөрөг үр дагавартай байна" гэлээ.

Г.Батзориг: Цаг үеэ олоогүй шийдвэр гаргасан нь улс төрийн шахалт, дарамт дор хийгдчихэв үү гэж харж байна

Хувийн архиваас ашиглав

Эдийн засаг судлаач Г.Батзориг нь Грандлайн БДК-н хөрөнгө оруулалтын шинжээч, Хасбанкинд Зээлийн багцын аналист, Макро эдийн засгийн шинжээч, Голомт банканд макро эдийн засагч, ахлах эдийн засагчаар тус тус ажиллаж байсан. МУИС-н Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр, Турк улсад Сакаряа их сургуульд эконометрик, эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Мандал Санхүүгийн Нэгдлийн ерөнхий эдийн засагчаар ажилладаг.

Тэрбээр, "Дотоодын үнийн өсөлтөөс гадна валютын ханш огцом өссөн болохоор валютын ханшийг торгоож, төгрөгийн хүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх гээд ийм арга хэмжээ авч байгаа юм болов уу гэж бодож байна.

Түүнээс биш инфляцад нөлөөлөх арга хэмжээ гэж үзэхгүй байна. Учир нь бодлогын хүүний өсөлт нь эдийн засагт жил болон түүнээс хугацаанд дээш хугацаанд нөлөөлдөг. Гэтэл одоо үүсэж буй инфляцын өсөлт нь богино хугацааны үнийн өсөлтөөс бий болсон. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээр эмчлэгддэг. Тодруулбал ААН-үүдийн орлого, ажилчдын цалин, хүмүүсийн худалдан авах чадвар өссөнөөр үүсэн эрэлтийн гаралтай инфляц бус нийлүүлэлтийн гаралтай олон асуудлаас үүссэн инфляц. Тиймээс Монголбанк бодлогын хүүг өсгөсөн шийдвэр нь богино хугацаандаа шийдэл болж чадахгүй.

Нөгөөтээгүүр Төв банкны зүгээс валютын орох урсгалыг нэмэгдүүлж чадахгүйгээс хойш, гарах урсгалыг хумих санаа гэж бодож байна. Гэхдээ валютын орох урсгалыг нэмэгдүүлдэг субъект Монгол банк биш. Үүнийг засгийн газар хийх ёстой. Засгийн газар хил гаалийн асуудлаа шийдэж, зэс, алт дээрээ төвлөрөн экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Одоо ноолуурын урсгал эхэлж байгаа. Ноолуураас жилд 300 орчим сая ам.доллар байдаг. Тиймээс энэ урсгалыг алдалгүй барьж, тасалдуулахгүй байх шаардлагатай. Ингэхдээ малчдын гараас авсан ноолуурыг хилээр гаргахад ямар нэг дараалал, хязгаарлалт, асуудалгүй гарах ёстой. Ингэснээр валютын урсгал өндөр орж ирнэ.

Төв банкнаас бодлогын хүүг 2.5 хувиар нэмэгдүүлж байгаа нь тогтсон хүлээлтэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна.

Бодлогын хүүг дагаад хадгаламжийн хүү өснө. Монгол Улсын нийт хадгаламж эзэмшигчдийн 1 хүрэхгүй хувь нь нийт хадгаламжийн 50 хувийг бүрдүүлдэг. Нийгмийн цөөн хэдэн хүний хадгаламжийн орлого нэмэгдэх болно.

Харин зээлийн хүү өссөнөөр зээл авагчид буюу бизнес эрхлэгчид, ААН, иргэдэд ирэх эдийн засгийн дарамт илүү нэмэгдэнэ. Ингээд бодоод үзэхээр 2.5 хувийн өсөлт хүнд цохилт болж байгаа юм. Энэ мэтчилэн цаг үеэ олоогүй шийдвэр гаргасан нь улс төрийн шахалт, дарамт дор хийгдчихэв үү гэж харж байна.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”, “Эдийн засгийн чуулган” гэх мэт том зүйл ярилгүй богино хугацааны валют орж ирэх бодлого барьж ажилласан бол ийм асуудалд хүрэхгүй байсан. Бидэнд 20,30 жилийн бодлого одоохондоо хэрэггүй" гэсэн юм.

Э.Дэлэгнанзадмаа

“Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах“ хуулийн төслийг өргөн барьжээ
“Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах“ хуулийн төслийг өргөн барьжээ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.