Өнөөдрийн нийгэмд дурдаж болох бүхий л муу муухай зүйлс аль ч утгаараа архи хэмээгчтэй холбогдчихдог. Зарим нь мэддэг хэр хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн энгийн жишээ. Олон балчир үрс архи хэмээгчид эцэг, эхээ “алдсан”. Алдсаар ч байгаа. Хамгаалах, хайрлах үүргээ умартаж, хар усанд толгойгоо мэдүүлсэн олон мянган гэр бүл нийгэмд аж төрж байна.
Хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн дийлэнхи нь согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл байдаг. Иймдээ ч нэг шөнийн дотор хэдэн зуугаараа эрүүлжүүлэхийн байрны хаалгыг татах иргэдийн дүр зураг харагдахаас өөр яах билээ. Тэр дунд эмэгтэйчүүд ч зонхилох үе бий.
Эмэгтэйчүүдийн дунд архидалт их байгааг эрүүлжүүлэх байрны ганцхан шөнийн нөхцөл байдал илтгэж орхидог. Тэнд согтуу “цэцэгс” унтаж л байдаг. Гэртээ биш эрүүлжүүлэхэд. Хүүхдийнхээ дэргэд биш хүйтэн шалан дээр. Жил орчмын өмнө эрүүлжүүлэх байранд шөнийн сурвалжилга хийхээр очих үед эмэгтэйчүүдийн архидалт гэх асуудлын дүр зургийг “өнгөтөөр” шахуу харж байв. “Өглөө гарахдаа хүүхдийн 100 мянган төгрөг ярьсаар гарах эмэгтэйг орой буцаад ирэх болов уу гэхээс санаа зовнидог” гэх эрүүлжүүлэх байр хариуцсан мэргэжилтний яриа ч одоо тод санагдах шиг болдог. Ийм байхад бид архидалтыг дан ганц эрчүүдээр төлөөлөн харах нь өрөөсгөл болж таарах биз.
-СЭМҮТ-д өнгөрсөн онд 196 эмэгтэй архины эмчилгээнд хамрагджээ-
"Баяр бүрийг алдахгүй" гэх хөнгөхөн маазрал охид бүсгүйчүүдийн дунд бий. Хэдий маазрал төдий боловч өнөөгийн нийгэмд хүргэх чухал асуудлын "зурвас" энэ гэлтэй. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн архисах өвчин нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хандах нь ихэсч байна. Тухайлбал, 2021 онд 196 эмэгтэй архины эмчилгээнд хамрагджээ. Мэдээж, архинд донтсон эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа хэдий ч эрчүүдтэй харьцуулбал цөөн. Хамгийн харамсалтай нь, сүүлийн жилүүдэд архины хамаарлын улмаас хандаж буй эмэгтэйчүүдийн нас ЗАЛУУЖИХ хандлагатай болсон талаар мэргэжлийн эмч нар хэлж байна.
/СЭМҮТ-д архинд донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлсэн эмэгтэйчүүд/
-Архины хамаарлын улмаас хандаж буй эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 21 настай байна-
Архинд донтох эмгэг ба эмэгтэйчүүдийн архидалтын талаар СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаатай ярилцлаа.
-Нийгэм дэх хавтгайрсан асуудлын нэг нь архидалт болоод удаж байна. Нэг хэсэг архидалтыг дан ганц эрэгтэйчүүдийн дунд зонхилж байна хэмээн хардаг байсан бол сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд ч түгээмэл тохиолдох асуудлын нэг болж. Ер нь танай өдрийн эмчилгээ болон энэ чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хүмүүсийг анзаарахад эмэгтэйчүүдийн дунд архины хамаарлын нөхцөл байдал ямар байна гэж харж байна вэ?
-Архисах өвчин сүүлийн үед ихсэж байгаа талаарх судалгаанууд гарсаар байна. Манайхаар өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлж буй хүний тоо нэмэгдсэн. Тоо өсөхийн хажуугаар нас залуужих байдал ажиглагдаж байна. Нэг удаагийн групп эмчилгээний ангид 15-16 хүн байлаа гэж бодоход түүний 3-4 эмэгтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, нийт эмчлүүлэхээр хандаж буй иргэдийн 20-30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг. Гэхдээ энэ бол бодит тоо биш. Учир нь эмэгтэйчүүдийн архидалт нь эрчүүдийнхтэй харьцуулахад онцлог байдаг. Тухайлбал, архины хамаарлаа бусдаас нуудаг, хүлээн зөвшөөрдөггүй, ахуйн нөхцөлд архины хамааралтай болчихсон байдаг тохиолдлууд ч бий. Ийм эмэгтэйчүүд эмнэлэгт хандах нь бага. Мөн гэр бүлийн нэр хүнд гэх шалтгаанаар архины хамааралтай болсноо нуух зүйл бий. Магадгүй миний хэлж буй 20-30 хувиас ч их байхыг үгүйсгэхгүй.
-Тоо өсөхийн хажуугаар нас залуужих хандлагатай байгаа талаар та хэллээ. Тэгвэл танайд хандаж буй хүмүүсийн дунд хамгийн залуудаа хэдэн настай хүн хандаж байна вэ?
-Хандаж буй эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 21-22 насны охид бүсгүчүүд байна. Хамгийн настайдаа 60-65 насны эмэгтэйчүүд хандах тохиолдол ч бий. Нас өндөр гарах үедээ эмнэлэгт хандаж байгаа гэдэг нь тухайн зуршил нь залуу байхад нь бүрэлдэн тогтсон гэсэн үг. Архинд донтох өвчин нь архаг өвчин. Архины хамааралтай хүн залуу насанд нь суурь нь тавигдаж, архийг аажмаар хэрэглэсээр сүүлдээ хэтрүүлэн хэрэглэдэг болох хүртэлх хугацааг дунджаар 20-25 жил гэж үздэг. Харин сүүлийн жилүүдэд хэтэрхий залуужих хандлага ажиглагдаж байгаа нь донтолтын түвшинд хүрээгүй боловч хэтрүүлэн хэрэглэсээр байвал магадгүй 5-10 жилийн дараа донтолт үүсчихсэн байх эрсдэлтэй.
-Эмчид хандана гээд ирж байгаа нь авууштай. Гэхдээ мэргэжлийн эмчид хандахаар ирж буй залуус ихэвчлэн ямар шугамаар ирж байна вэ. Магадгүй ихэнх нь эцэг, эх орчин тойрны хүрээллийн нөлөөгөөр хандах нь элбэг болов уу?
-Ихэвчлэн эцэг, эхийнхээ шахалтаар ирж ханддаг. Түүнээс биш 21-22 настай залуус хэзээ ч өөрийгөө архины хамааралтай болж байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Цаг хугацааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө хамааралд ороогүй гэж зөвтгөдөг. Гэтэл гэрийнхэн нь хүүхдээ бага дээр нь буруу зуршлыг нь засах хэрэгтэй гэж бодсон учраас эмнэлэгт хандсан талаараа хэлдэг. Эдгээр залууст бидний зүгээс, архины хамаарлын суурь тавигдаж байна гэдгийг нь хэлж тайлбарладаг. Магадгүй 5,10 жилийн дараа архины хамааралтай болчихсон буюу биеийн хэрэгцээ шаардлага үүсичхвэл нууж уудаг хэлбэрт шилжинэ. Тэгэхээр хэт залуу хүмүүс бусдын шахалтаар ирдэг гэсэн үг.
-Архины хамаарлын хамгийн эхний шинж нь шараа архиар тайлах гэж үздэг-
-Архины хамааралтай холбоотой нийгэмд тодорхойгүй олон талын ойлголт байдаг. Ер нь бидний хэлдгээр донтолт гэх түвшинг хэрхэн тодорхойлж болох вэ?
-Хүмүүс донтох гэдэг үгэнд хэт эмзэглэдэг. Ер нь хэрэглээх ихсэхийн сацуу бие сэтгэл зүйн байдлаа засахын тулд дахин архи хэрэглэж байгаа нь өөрөө хамааралд орж буйгийн шинж. Энэ ойлголтод тусгай шалгуур ч бий. Тухайлбал, уусныхаа маргааш согтууруулах ундааны төрлөөс өөр зүйлээр биеийн байдлаа засах хүмүүс байдаг. Эдгээр нь биеийн талаас гүнзгий донтоогүй гэсэн үг. Харин согтууруулах ундаагаар дотроо засаж байж биеийн байдал нь тайвширсан ч хэсэг хугацааны дараа дахин хэрэглэмээр санагдах хэмжээний тойрогт орчихдог. Тэгэхээр архины хамаарлын хамгийн эхний шинж нь шараа архиар тайлах гэж үздэг.
-Тэгвэл залуусын хувьд энэ нь ямар түвшинд байна вэ. Ихэнхдээ зохистой хэрэглээ гэх байдлаар хандаж байгаа нь ажиглагддаг шүү дээ?
-Залуучууд өөрсдийгөө соёлтой, зохистой хэмжээнд хэрэглэдэг гэж ярьдаг л даа. Урьд зохистой хэрэглээ гэж ярьдаг байсан. Ингэхдээ архиар 100 гр, пивоны төрлийнхийг 0.330 мл-д стандарт гэж үздэг байв. ДЭМБ-аас гаргасан сүүлийн үеийн судалгаагаар зохистой хэрэглээ гэж байхгүй, хамгийн бага хэрэглээнд ч этилийн спиртийн хор агууламж хүний биед нөлөөлж байдаг. Тиймээс залуучууд маань аль болох архигүйгээр цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй.
-Архины хамааралтай болж буйгийн хамгийн эхний үеийн шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Архины хамааралтай болох өвчний нэг, хоёрдугаар шатанд хүн өөрийгөө мэддэггүй. Энгийн үе шигээ нийгмийн амьдралд чөлөөтэй оролцдог хэрнээ уухаараа 2-3 хоног уудаг байх жишээтэй. Харин хүнд шат руугаа ороод ирэх үед тархинд нь өөрчлөлт орж эхэлдэг. Стресс, бухимдалтай болж эхэлнэ, уугаагүй үедээ хурдан уурлана, нойргүйдэнэ. Нойргүйдэлтэй болсон гэх шалтгаанаар хандаж буй хүмүүс их байдаг. Гэтэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь архинаас болж тархинд нөлөөлж нойргүйдэлтэй болсон гэдгээ ойлгодоггүй. Хамгийн хүнд шинж тэмдэг бол архины солиорол гэж зүйл. Нойргүй олон хоног унталгүй явснаас чихэнд хий юм сонсогдох, нүдэнд хий юм харагдах үед хүмүүс эмнэлэгт ханддаг. Эмнэлэгт хандсан үед нь шинж тэмдгээр нь тест авахад архины 3-4 шатны хамааралтай болчихсон байдаг. Архины хамаарлыг олон төрлийн тестээр үнэлдэг. Хялбарлаад хэлэхэд, тухайн хүнийг архины хамааралтай болсныг илтгэх шинж тэмдэг нь архийг олон хоногоор хэрэглэх, шараа архиар тайлах, чухал ажлаа тасалж эхлэх, ажлаас архийг урьтал болгох, нийгмийн зөрчлүүдийг бий болгож эхэлдэг.
-Сүүлийн үед сэтгэл гутралаа, стресс бухимдлаа архиар тайлах гэж ойлголт шахуу зүйл бий болчихсон. Гэтэл үнэн хэрэгтээ хэрэглээ төдий зүйл үүнийг давж гарахад нөлөөлнө гэж та бодож байна уу. Залуус юуг анхаарах ёстой юм бэ?
-20-25 насны залуус архи ууж стрессээ тайлна гэх ойлголттой байх ёсгүй. Архинд нэг л орчихвол архаг өвчин тул эмчилгээ тал дээр ч удаан үргэлжилдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс стресс бухимдал байгаа бол архиар бус өөр эрүүл аргаар тайлах хэрэгтэй юм. Түүнчлэн залууст сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох ёстой. Сэтгэцийн эрүүл мэндийг бага наснаас нь өгөхөд тархиа хайрлах ёстой гэдгийг ойлгож эхэлнэ. Толгойгоо цохиход өвддөгтэй ялгаагүй архины хамааралд орсон хүн тархиндаа гэмтэл авч байна гэсэн үг. Мэдээж тархиндаа гэмтэл авсан хүн хэвийн ажлаа үргэлжлүүлэхэд ч хэцүү болно. Архины хэрэглээ нь тархийг дотроос нь идэж байдаг. Иймээс залуус маань сэтгэцийн эрүүл мэндийн боловсролтой болох хэрэгтэй.
-НЭГЭН ТҮҮХ: Архинд “ХҮЧ ч , ИД ШИД ч үгүй-
Би тайвширч чаддаг, үүнийг хэрэглэчихвэл.
Би багахан ч болов хугацаанд стресс, бухимдлаа тайлж чаддаг, үүнийг хэрэглэчихвэл.
Би өвдөлтөө хэсэг хугацаанд ч болтугай мартаж чаддаг, үүнийг хэрэглэчихвэл.
Хүн гэдэг амьтны хамгийн “аймхай” зан энд гарна. Архи гэгч зүйлд хэсэг зуурт толгойгоо мэдүүлчихвэл өөрт байж болох бүхий л зовлонгоо мартаж чадна гэх бодол. Товчхондоо, өөрийгөө хуурах багахан “тайтгарал” нь архи. Тэгвэл 15 настайгаасаа 45 нас хүртлээ архийг өвчин намдаах эм мэтээр ашигласан ч архи ямар ч “хүчгүй” байсныг ухаарч, долоон жилийн өмнөөс түүнийг хэрэглэхээ больсон нэгэн эмэгтэйн бодит жишээг энд хүргэе.
...Тэрбээр хөлний ясны идээт үрэвслийн улмаас найман настайгаасаа эхэлж хүнд хагалгаанд орж эхэлсэн. Олон ч хүнд хагалгааны ард гарсан. Хагалгаанд орсны дараа тасагт хэвтэж байсан хүмүүсийн “ам” яриагаар эмэнд дарагдахгүй өвдөлтөө “мартах”-ын тулд анх удаа архи хэрэглэж үзжээ. Тэр энэ үедээ дөнгөж л 15 настай байж. 15 наснаасаа эхлэн 45 нас хүртлээ архи хэрэглэв. Бусад шиг гадуур дотуур гарч уухгүй. Зөвхөн гэртээ хөлнийхөө өвдөлтийг дарахын тулд орой бүр 200 гр архи тогтмол хэрэглэх болж. Гэхдээ энэ байдлаа тэрбээр өвчнөө дарах арга минь гэж өмөөрнө. Харин 45 насандаа эмнэлэг, мэргэжлийн эмчид хандсанаар өөрийн архины хамааралтай болсноо хүлээн зөвшөөрсөн. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр чаджээ. Эмч нарынхаа зөвлөгөөг дагаж сүүлийн долоон жил архи хэрэглээгүй. “Өвдөлтийг минь архи л намдаадаг” гэх бодол зүгээр л БОДОЛ төдий байснаас ХҮЧ байгаагүй. Одоо тэрбээр нэг ч гэсэн эмэгтэйг архины хамаарлаас гаргахын тулд сайн дурын нөлөөллийн ажлуудыг хийдэг нэгэн болжээ..
-Архидан согтуурах явдал нийгмийн бүхий л түвшинд байна-
Эрүүлжүүлэх байранд очоогүй ч ахуйн хүрээнд хэчнээн эмэгтэй архидан согтуурч, балчир үрсийнхээ нулимсыг барж суугааг бид хэлж мэдэхгүй. Тэр тусмаа цар тахлын үед ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй дуудлага мэдээлэл ч нэмэгдэж байгааг албаныхан онцолж байсан удаатай. Тэгвэл улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэгдсэн тоон мэдээллийг ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнээс тодруулахад "Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 23976 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна. Үүнийг задалбал, 2019 онд 8750, 2020 онд 8719, 2021 онд 6512 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн гэсэн үг. Уг тоон мэдээллээс харахад эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн тоо буурсан мэт харагдаж байгаа боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан буурсан байх магадлалтай гэдгийг бодолцож үзэх нь зүй. Гэтэл он гарсаар буюу эхний хоёр сарын байдлаар нийт 1703 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн. Ингэхдээ нэгдүгээр сард 547 байсан бол хоёрдугаар сард 1156 болж эрс нэмэгдсэн. Үүнээс харахад, архидан согтуурах явдал нийгмийн бүхий л түвшинд байна" гэлээ.
/Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл /сүүлийн гурван жилээр/