Цагдаагийн байгууллагаас жил бүр аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий аян, арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл архины зохисгүй хэрэглээг багасгах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор улсын хэмжээнд “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулсан. Аяны талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтайвангаас тодрууллаа.
-“Зөвийг зөвлөе” арга хэмжээ хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Аяны гол зорилгыг та бүхэн хэрхэн тодорхойлов?
-Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөвийг зөвлөе” аяныг өнгөрөгч гуравдугаар сарын 04-23-нийг дуустал буюу нийт 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Ингэхдээ цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд олон нийтэд архины зохисгүй хэрэглээ, хууль тогтоомжийн мэдлэг, мэдээлэл олгох нь нөлөөлийн аяны гол зорилго байсан. Аяны хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн цагдаагийн байгууллагын цахим хуудсанд давхардсан тоогоор зургаан сая орчим хүн хандсан байна. Тэгэхээр уг арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл иргэд олон нийтэд сайн хүрч чадсан гэдгийг харж болохоор байгаа юм.
Өнгөрсөн 2021 оны байдлаар 533 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл бий.
Иймд согтуугаар үйлдэгдэж буй бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулсаар байна. Мөн цаг үеийн нөхцөл байдлын хувьд ч энэ жил нэлээн онцлог байлаа. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавируст халдварын хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөнд өөрчлөлт орсон байсан. Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ААН байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага ААН, байгууллагуудын үйл ажиллагааг хорьж цагдахаас илүүтэйгээр иргэд олон нийтийг зөв зохистой хэрэглээ талаас нь ойлгох зөвлөгөө мэдээллийг хүргүүлж буйгаараа энэхүү арга хэмжээ нь онцлогтой юм. Тэгэхээр согтууруулах ундаа хэрэглэж буй иргэн зөв зохистой хэрэглэж байж л эрүүл мэнд, бусдын аюулгүй байдал бүрэн хангагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Арга хэмжээний хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Нөлөөллийн аяны хүрээнд 4 мянга гаруй постер контентийг бэлтгэж мөн 105 хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл өгч сурталчилан таниулах чиглэлээрх ажлуудыг хийсэн. Хөдөө орон нутгуудад төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж, ЕБС-ийн сурагчдын дунд холбогдох тэмцээн уралдааныг зохион байгуулсан.
Согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээ мэдээллийг өсвөр насны болон оюутан залууст өгч ажилласнаараа онцлог болж чадлаа.
-Ахуйн хүрээний архидалттай холбоотой дуудлага мэдээлэл багасах хандлага ажиглагдаж байна-
-Цагдаагийн байгууллагаас жил бүр иргэд, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн аяныг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн аяны онцлогийг та бүхэн хэрхэн харж байна?
-2021 оны байдлаар улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан хэдий ч согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Ялангуяа тэмдэглэлт ойн өдрүүд тохиолддог 2-3 дугаар саруудад энэ төрлийн гэмт хэргийн тоо ихсэх хандлага ажиглагддаг. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулсан. Цагдаагийн байгууллага жил бүр нөлөөллийн аян, арга хэмжээнүүдийг хийдгийг та бүхэн мэдэх байх.
Ер нь согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг нь бусад бүх төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй холбогддог. Энд гэр бүлийн хүчирхийллийн асуудал хүртэл яригддаг. Тухайлбал, 2021 оны хөл хорионы нөхцөлд ахуйн хүрээний архидалтын дуудлага мэдээлэл нэлээдгүй их байсан. Энэ жилийн хувьд ахуйн хүрээний архидалттай холбоотой дуудлага мэдээлэл багасах хандлага ажиглагдаж байгаа.
-Аянтай холбогдуулан иргэдэд анхааруулга мэдээллийг хүргэвэл?
-Хэдэн тоон мэдээллийг дурдая. Сүүлийн гурван жил согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо 30 хувиар өссөн. Өнгөрсөн 2021 онд тодорхой төрлийн гэмт хэргийн 18-51 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Түүнчэн цагдаагийн байгууллагад ирж буй нийт дуудлагын 40-60 хувийг согтуугийн дуудлага мэдээлэл эзэлж байсан.
Хэдхэн тоон мэдээллийг харахад л согтууруулах ундаа аливаа төрлийн гэмт хэргийн суурь шалтгаан болж байгааг харж болохоор байгаа юм. Монгол эрчүүдийн оролцоо чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архинаас татгалзах уриалгыг өөрийн биеэр гаргасан. Үүнийг оюутан залуус маань дэмжиж "No Alcohol" аяныг ч зохион байгуулсан. Иймд иргэд олон нийт архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх соёлд суралцах хэрэгтэй.