"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлэл хийлээ.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Засгийн газар болон, ТӨБЗХ-ны хурлаас "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг зогсоож байгаа шийдвэр гарлаа.
Мөн "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" нь Хөгжлийн банкны үлэмж хэмжээний зээлтэй байгаа буюу 355 тэрбумын зээлтэй. Энэ зээл эргэн төлөгдөөгүй.
2011 оны нэгдүгээр сард үндэсний хөрөнгө оруулагч "Бейзмент" ХХК-ийн санал илүү байсан гэж үзэн 10 жилийн гэрээ байгуулсан. Түүний дараагаар буюу 2015 онд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн эрхийг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тус компанид олгосон.
“Бейзмент” ХХК нь ”Хөтөл” ХХК болж нэрээ өөрчилсөн. “Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажиллан үйл ажиллагаагаа зогсоосон. Иймд нийт 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтангүй, оршин суух хаяггүй, эзэнгүй болсон.
Түүнчлэн, “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан. Өв залгамжлагч нь өвлөхөөс татгалзсан. Өв залгамжлах хуулийн хугацаа нь өнгөрсөн. Иймд эзэнгүй өмчөөр тооцож, Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх арга замаар зээлийн эргэн төлөлтийг нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр нь барагдуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна” гэлээ.