Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2020.04.09) нэгдсэн хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүний 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас 2020 оны 02 дугаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох.” гэсэн үзэл баримтлалын чиглэл баримтлахаар тусгасан.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд “Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төслийн зохицуулах харилцааны товч утгыг “Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх.” хэмээн тодорхойлсон байна.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор 6 бүлэг 44 зүйлтэй төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно. Мөн төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх юм байна. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 зүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Ингээд санал хураалт явуулахад Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 46 гишүүний 35 нь буюу 76 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ЕБС болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар авахыг үүрэг болголоо
ЕБС болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар авахыг үүрэг болголоо
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.