Хөгжлийн банкны удирдлагуудын хэрэг 2017-2021 он хүртэл хэрхэн явагдсан талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх нийтлэлээрээ Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын хэрэг хэрхэн шүүх дээр сунжирч, хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй үлдсэн талаарх нийтлэлийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нартай холбоотой хэргийн талаарх мэдээллийг ОНЦЛОЁ.
Тэдний хэрэг Н.Мөнхбатын хэрэгтэй хамт шүүхээр шийдэгдсэн. Б.Шинэбаатарыг дараах хэд хэдэн үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм.
ЗГ-ын тогтоолын эсрэг хууль зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас байр авах “ажиллагаанд” буруутгагдсан Ч.Отгочулуугийн хэрэг
Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД асан Б.Шинэбаатарыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа Худалдаа хөгжлийн банкны нийт 22 тэрбум 644 сая 126 мянга 746 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 давхрын 3240 м.кв талбай. Мөн В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27 тэрбум 598 сая 81 мянга 637 төгрөгөөр худалдаж авч Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон.
Мөн байр худалдаж авах шийдвэр гаргасан 2015 оны 6 дугаар сарын 16,18-ны өдрүүдийн хуралд Ч.Отгочулууг оролцуулан хууль бусаар ирц бүрдүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. Учир нь Ч.Отгочулуу нь Уул уурхай яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тушаал нь гарч албан ёсоор чөлөөлөгдсөн байсан юм. ЗГ-ын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байхаар зааж өгсөн байдаг. Гэвч чөлөөлөгдсөнөөсөө хойш Ч.Отгочулуу нь ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтсан хэвээрээ байхаар зогсохгүй, Худалдаа хөгжлийн банкнаас байр худалдаж авах хуралд оролцож ирц бүрдүүлсэн гэж буруутгагджээ. Гэвч Б.Мөнх-Эрдэнэ шүүгчээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн Ч.Отгочулууг Б.Шинэбаатар нартай санаатай нэгдсэн байр худалдан авах шийдвэр гаргасан гэснийг хүчингүй болгож, “Гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэжээ.
“Кью Эс Си” ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгож гэрээ өөрчилсөн гэх Б.Шинэбаатарын хэрэг
Эдгээрээс гадна Б.Шинэбаатар нь “Кью Эс Си” ХХК болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгож Эрдэнэт үйлдвэрт 10 тэрбум 991 сая 628 мянга 450 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэг юм. Тодруулбал, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваасүрэн 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцгийн бэлдцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Уг гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байдаг. Гэвч дээрх үнийн дүнг өсгөж ам.долларын ханш өссөн гэх шалтгаанаар №2/260-16 тоот гэрээнд 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үнийн дүнг 2.277.000 төгрөгөөр тогтоосон. Ингэснээр барааны үнийн дүн 15 хувиар нэмэгдэж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ 39 тэрбум 599 сая 999 мянга 835 төгрөг байснаас 45 тэрбум 539 сая 999 мянга 811 төгрөг болж өсөв.
Энэ талаар шүүх хурал дээр гэрч “Эрдэнэт Үйлдвэр ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас 100мм хэмжээтэй ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авах 2/189-17 дугаартай гэрээний төслийг миний бие боловсруулсан. Гэрээний төслийг боловсруулах үүрэг чиглэлийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч талаас томилогдсон тухайн үед Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхбаясгалан надад үүрэг чиглэл өгсний дагуу тус гэрээний төслийг боловсруулсан. “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас 100 мм хэмжээтэй ган бөөрөнцгийн бэлдцийг тонн тутмыг 2.277.000 төгрөгөөр худалдан авах үнийн дүнг Н.Энхбаясгалан дарга надад хэлсэн. ...Н.Энхбаясгалан дарга захирал удирдлагуудад яаж танилцуулсан талаар мэдэхгүй байна. Гэрээ батлагдаад гарч ирэхдээ тонн тутмын үнэ нь 2.277.000 төгрөгөөр батлагдсан байсан...” гэж мэдүүлсэн ч М.Мөнх-Эрдэнэ шүүгчээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн өөр нэг хачирхалтай зүйл байгаа нь үнийн дүнд өөрчлөлт оруулах гэрээг байгуулахад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс гарын үсэг зурж баталгаажуулсан. Х.Бадамсүрэн захирал 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрийг дуустал БНХАУ-н Бээжин, Хонг Конг Улсад албан томилолттой байжээ. Хэдийгээр дэд захиралд ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэх эрх байсан ч хэдий ч Х.Бадамсүрэнг томилолтоос ирэхийг хүлээх боломжтой байсан уу гэдэг асуулт гарч ирж болох юм. Өөрөөр хэлбэл, томилолтын хугацаа дуусч байсан өдөр гэрээг өөрчилсөн нь хардлага төрүүлэх боломжтой гэнэ.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатын БАЗ Б.Мөнх-Эрдэнэ шүүгч Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг шийдэж байжээ
Ийнхүү прокуророос Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон байж болохуйц хоёр зүйл ангиар буруутгасан ч, таван жил хууль, шүүхийн байгууллагын хаалга тойрсон хэрэг нь 2021 оны 11 сарын 09-нд хэрэгсэхгүй болж алх цохигдсон юм. Мөн Ч.Отгочулуугийн Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгож, 27 тэрбум 598 сая 81 мянга 637 төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн Б.Мөнх-Эрдэнэ шүүгч тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн шийдсэн.
Дээрх гурван хүнд хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн байхад нэг зүйл ангиар нь буруутгаж, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хүчингүй болгосон. Үлдсэн зүйл ангиудыг эсрэг мэдүүлэг өгсөн гэрчийн болон шинжээчдийн дүгнэлт, нотлох баримтуудыг харгалзан үзээд шүүх хэргийг нь хэрэгсэхгүй гэж шийдэгдсэн.
Энд өөр нэг сонирхолтой зүйлийг дурдахад Хөгжлийн банкны хэргээр хоригдож тэргүүн дэд захирал асан Ч.Энхбаттай 2021 онд шийдэгдсэн Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нарын хэргийг шийдсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ холбогддож байгаа юм. Тодруулбал, Ч.Энхбат болон Б.Мөнх-Эрдэнэ нар нь нэг айлын хүргэдүүд. Ч.Энхбатын эхнэр С.Хишигдаваа гэж хүн байдаг бол түүний дүү С.Пүрэвдулам нь Б.Мөнх-Эрдэнэ шүүгчийн эхнэр юм. Ч.Энхбат нь 2016 оноос хойш Хөгжлийн банканд захирлаар томилогдсон. Өөрөө ч буруутгагдаж яг одоо хоригдон шалгагдаж буй. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш таван жил үргэлжилсэн Хөгжлийн банкны хуучин удирдлагуудын хэргийг шинэ удирдлагуудынх нь хамаарал бүхий гэж хэлж болохуйц хүн шийдвэрлэсэн байгаа юм. Мөн Б.Мөнх-Эрдэнэ шүүгч анхан шатаар Н.Мөнхбат нарын хэрэг хоёр удаа ороход нь хоёуланг нь шийдэж байжээ.
Тэгвэл дахин шалгагдаж буй Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарын хэрэг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очно. Хэрвээ уг хэрэг Б.Мөнх-Эрдэнэ шүүгч дээр хуваарилагдвал, ашиг сонирхлын зөрчил гарах нь гарцаагүй. Тиймээс шинээр ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэхээс гадна өмнө нь шийдэгдсэн Н.Мөнхбат нарын хэргийн талаар ч Шүүхийн сахилгын хороо авч хэлэлцэх нь зүйтэй.
Үргэлжил бий...