Шаталсан татварын тогтолцооны талаар Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд татварын шаталсан тогтолцооны талаар ярих боллоо. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд хөдөлмөрлөж буй хэсэгт татварын дарамт ирэх нь гэх ойлголт гараад эхэлсэн. Ер нь татварын шаталсан тогтолцооны тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэн, ААН байгууллагын орлого, эд хөрөнгө, хэрэглээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээтэйгээр ногдуулж улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгийн санг татвар гэдэг. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн асуудлыг тодорхой хэмжээнд тогтворжуулах, хувь хэмжээг нэмэх, өсөлтийг хангахын тулд Засгийн газарт хөрөнгө хэрэгтэй. Энэ мөнгөний дийлэнхийг татварын аргаар бүрдүүлдэг. Дэлхийн улс орнууд төсвийнхөө 70-80 хувийг татварын аргаар бүрдүүлдэг. Манай улсын хувьд 2022 онд буюу энэ жил төсвийн орлогын 90-ээс дээш хэвийг татварын орлогоор бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 14 их наяд орчим төгрөг гэсэн үг. Үүнд НӨАТ-аар 3 их наяд орчмыг бүрдүүлж байгаа. Энэ нь нийт төсвийн 20 орчим хувийг эзэлнэ. Орлогын албан татвар, НДШ тус бүр 2.9 их наяд буюу 40 орчим хувийг бүрдүүлнэ. Энэ нь татварын ачаалал 20 хувиас дээш давсан бол татварын дарамт их байна гэж олон улсын жишигт үздэг. Тэгэхээрманай улсын хувьд энэхүү босго 20 хувиас давчихсан. Одоогийн татварын ачаалал иргэд, ААН байгууллагуудад нэлээн дарамт учруулж байгааг харуулах статистик юм. Түүнчлэн импортын нөхцөл байдал гацсан, бараа эргэлт муудсан, суурь үнэ өсчихсөн байгаа энэ үед маш их татварын дарамттай байна гэдэг бол татвар төлөгчдийн нуруун дээр ирж буй ачаалал тэр хэмжээгээр хүнд байна гэсэн үг. Товчхондоо, ийм үед татварын шаталсан тогтолцооны талаар ярьж, санаачилж байгаа нь цаг хугацаа, нөхцөл байдал, учир шалтгаанаа бүрэн судлаагүй байгааг илтгэж байгаа хэрэг.
Манай улс төсвийн зардлыг мөнгө сангийн нэгдсэн бодлого, судалгаа, эдийн засгийн эрэмбийн асуудалд тулгуурлахгүйгээр зардлаа маш их тэлдэг. Улс төрчдийн популист амлалтын хэрэгсэл болгож ашигладаг. Энэ үрэлгэн төсвийн эх үүсвэрийг татвар төлөгчдөөс хайж эхэлж байгаагийн эхлэл хэмээн харж байна. Жишээлбэл, энэ онд төсвийн зардлыг 18 их наяд төгрөгөөр баталсан. Үүнийг гүйцэлдүүлэхийн тулд орлогыг маш өөдрөгөөр төсөвлөсөн. Тухайлбал, 36 сая тонн нүүрс, 20 сая тонн алт, 1.2 сая тонн зэсийн баяжмал борлуулна гэх мэтээр 4.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Энэ нь биелэх магадлал үндсэндээ хомс болчихсон учраас энэ цоорхойг нөхөх үүднээс татвар төлөгчид рүү чиглэж байна уу гэж харж байна.
-Дотоодын ДНБ дэлхийн дунджаас доогуур байгаа тохиолдолд шаталсан татвар зохимжгүй-
-Өндөр орлоготой иргэдээс ахиу татвар авах нь сангуудын алдагдлыг нөхөх боломж гэж улс төрчид харж байх шиг байна. Тухайлбал, тэтгэврийн сан. Тэгвэл сангуудын алдагдлыг татвар төлөгчдын хөрөнгөөр нөхөх нь зохимжтой алхам гэж үү?
-Оны босгон дээр тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн. Тэтгэвэр нэмэх нь зөв байсан. Гэхдээ аргачлалын хувьд буруу байсан. Өөрөөр хэлбэл, төрийн сангаас мөнгө гарч эхлээгүй байхад төсвийн тодотгол хийсэн. Төсвийн тодотголыг орлогод суурилж шийддэг болохоос зардал нөхөхийн тулд хийдэггүй. Гэх мэт төсвийн хууль журмыг зөрчиж, төсвийн тодотгол хийсэн. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийн тулд 637 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болсон. Энэхүү эх үүсвэрийг нийгмийн даатгалын сангаас давсан орлогоос 326 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах нэрийдлээр 260 тэрбум төгрөг, урсгал зардлыг танах хэлбэрээр 54 тэрбум, гадаадын зээл тусламжаас 34 тэрбум төгрөгийг төвлөрүүлж нийт 637 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Үүнийг санхүүжүүлэхийн тулд дунд урт хугацаанд эх үүсвэр хэрэгтэй. Энэ мэт үрэлгэн эх үүсвэрээ нөхөхийн тулд иргэд татвар төлөгчдөд үүрүүлэх суурь эхэлж байна уу даа гэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Иймийн тулд татварын шаталсан тогтолцоог бий болгох цаг үе, арга, нөхцөл байдал нь одоо биш. Зохимжгүй.
-Тодруулбал?
-Татварын дарамт 20 хувиас дээш байгаа тул татварын дарамт улам л нэмэгдэнэ гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын 2021 оны тайлангаас харахад нийт цалин авч буй хүмүүсийн 4 хүрэхгүй хувь нь 3.5 саяас дээш орлоготой. Г.Занданшатар даргын ярьж буй 5-10 сая төгрөгийн орлоготой иргэд тун бага. Эдгээр хүмүүс хэчнээн 3.5 саяас дээш цалингийн орлоготой боловч ардаа 3-4 айл өрхийг тэжээж авч явдаг. Бид нарын зориод байдаг дундаж давхарга яах билээ гэдгийг бодолцох хэрэгтэй.
ДНБ өнөөдөр дотоодод 43 их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох ДНБ 4564 доллар. Дундаж цалин өнөөдөр 45 доллар. Голч цалин 310 доллар. Тэгэхээр энэхүү шатлалыг ихэвчлэн хүн амынх нь орлого өндөр, ДНБ-ний түвшин өндөр улс орнууд ашигладаг гэдгийг төр засгийнхан мэдэхэд илүүдэхгүй. Дэлхийн дундаж ДНБ 5100 доллар орчим байдаг. Тэгэхээр манай дотоодын ДНБ дэлхийн дунджаас доогуур байна. Энэ тохиолдолд шаталсан татвар зохимжгүй.
-Төрөөс төрсөн тэрбумтнуудын орлогын эх үүсвэрийг ил болгох, татвар төлдөггүй хэсгээ хамруулах замаар татварын сууриа тэлэх хэрэгтэй-
-Шаталсан тогтолцоо ярихаасаа урьтаад татвар төлөлтийн тэгш бус байдлыг арилгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байна?
-Татвар нийгмийн даатгал төлдөг хүмүүс бол улс орныг авч яваа хэсэг. Хөдөлмөрлөж буй хэсэгтээ татварын дарамтыг үүсгэх биш орлого нь тодорхойгүй байдаг, маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй, төрөөс төрсөн тэрбумтнууд гэгддэг хүмүүсийн орлогын эх үүсвэрийг ил болгох буюу татвар төлдөггүй хэсгээ хамруулах замаар татварын сууриа тэлэх нь шатлал нэмэхээс чухал асуудал.
Далд хөрөнгөөр амьдардаг хүмүүсийг татварт хамруулах нь чухал байдаг. Түүнээс биш үнэнчээр татвараа төлөөд явж байгаа хэсэгтээ татварын дарамт бий болгохоос илүүтэй эх үүсвэр нь тодорхойгүй байдлаар хөрөнгөжиж байгаа хүмүүсээс татвар авах нь чухал гэсэн үг.
-Хэрвээ 5-10 сая төгрөгийн орлоготой иргэдээс ахиу татвар авах шаталсан тогтолцоо руу шилжвэл ямар ямар сөрөг нөлөөллүүд гарч эхлэх вэ?
-Олон шатлалт тогтолцоо бий болох тусам татвар төлөгчид бага шатлал руу тэмүүлдэг. Иймийн тулд орлогоо нуудаг, багасгадаг, орлого хуваах процесс явагддаг. Тиймээс улс орнууд татварын боловсронгуй тогтолцоонд нэг шатлалтай байхыг л эрмэлздэг.
Төр засгийнхан аль болох энэхүү асуудлыг эрэмбэлж харах шаардлагатай. Өнөөдрийн нөхцөлд татвар нэмэх асуудал зохимжтой цаг үе нь биш. Өөрөөр хэлбэл, татварын шатлалыг бий болгох асуудал нь магадгүй эхний 10-т байхгүй асуудлыг хөндөж байна. Эдийн засагт тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудлууд их байна шүү дээ. Тухайлбал, татвар авахаас илүүтэй иргэн, ААН байгууллагуудаа хэрхэн орлоготой, цалинтай байлгах, ажлын байраа хэрхэн хадгалах зэрэгт түлхүү анхаарах ёстойгоос биш татвараа төлж байгаа хэсэгтээ улам дарамт болох нь зохимжгүй. Тиймээс татвар нь улс төрчдийн популист амлалт болон төсөвлөөгүй зардлын цоорхойг нөхөх хэрэгсэл байж болохгүй. Зах зээлийн механизмаа бүрдүүлэх, нийгмийн хүчин зүйлсээс гаралтай шаардлагуудыг төрийн зохицуулалтын тусламжтайгаар үр ашигтай, хүртээх ёстой харилцаа юм.