Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж. Золжаргал: Нүүрсний үнэ өндөр байх нь Монголд ямар ч ач холбогдолгүй байгаа нь харамсалтай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 15 секунд

Монголын нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөж байна. Үүнээс Монголчууд ашиг олох боломжтой юу. Хэрэв боломжгүй бол шалтгаан нь юу вэ?

-Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрүүдийн нөөцийн овоолгын хэмжээ багассан. Монголоос нүүрс гаргахгүй байна. Үүнд, ковид, олимп, хятадын коммунист намын хурал зэрэг маш олон зүйл нөлөөлж байна. Мөн Австрали улсаас нийлүүлэхгүй байна. Түүнчлэн Орос-Украины дайны нөхцөлөөс үүдэн эрчим хүч, байгалийн хий, нефтийн үнэ өссөн. Үүнийг дагаад нүүрсний үнэ мөн өсөж байгаа.

Харамсалтай нь, монголчуудын хувьд энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Учир нь зах зээл дээр эрэлт өсөж үнэ нэмэгдсэн хэдий ч бидэнд нөлөө байхгүй, дэлхийн зах зээлээс тусгаарлагдсан. Хилээрээ нүүрсээ гаргаж чадахгүй байна. Хэрэв гаргаж байсан бол нүүрсээ зараад орлого олох боломжтой байсан.

Тавантолгойн нүүрс Гашуун-Сухайтын боомтоор өдөрт 1000-2000 машин гарах боломжтой. Гэтэл одоогийн байдлаар 150 машин гарч байна. Харин Шивээ-Хүрэнгийн боомтоор нүүрсний экспортын 40 гаруй хувийг гаргадаг ч өнөөдрийн байдлаар “0” машин гарч байна. Ямар ч тээвэрлэлт байхгүй.

Хил өнгөрсөн оны аравдугаар сараас хойш буюу хагас жил орчмын хугацаанд хаалттай байна. Олон Улсын боомт ийм удаан хугацаагаар хаалттай байна гэдэг нь хэвийн бус үзэгдэл юм. Энэ асуудлыг Засгийн газар гадаад харилцааныхаа хүрээнд урд хөрштэй хэлэлцэх хэрэгтэй.

Дэлхийн зах зээлд үнэ өссөн ч бидний хувьд ашиг олох боломж тун хомс байна. Мөн Тавантолгойн уурхайгаас шинэ олборлосон нүүрс ачигдахгүй байгаа. Хилийн наана байгаа овоолготой байгаа нүүрс л ачигдаж байна.

Зарим компаниудын хувьд 2019 онд хийсэн гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж чадалгүй хэдэн сая тонн нүүрс урагш нь гаргах өрөнд орчихсон байгаа. Өмнөх гэрээгээ дуусаж байж шинэ гэрээ байгуулна гэх мэт хязгаарлагдмал байдал үүсэж байна.

-Хятадын зах зээлд манай улсаас нүүрс экспортлох эрэлт багассан гэсэн үг үү?

-Эрэлт өндөр байгаа гол асуудал нь хилээр нүүрс гарахгүй байна. Хятадын талаас ковидоос үүдэн тээвэрлэлтийг багасган хяналтыг сайжруулан, бага багаар оруулах асуудлыг тавьсан. Бидний хувьд хүн хоорондын харилцаа байхгүй, контейнер нүүрсээ тээвэрлэн кранаар буулгачихдаг. Цаанаас хятадын талаас кранаар өргөөд машин дээрээ тавиад явдаг систем нэвтрүүлэхээр хоёр том боомт дээр терминал байгуулсан. Гашуунсухайт боомтын хувьд одоо гарч буй 150 машинаас 20 орчим нь контейнэрээр явж байна. Манай улсын хувьд зохион байгуулалтын ажлуудаа сайжруулж, хил гаалийн асуудлаа шуурхай болгож байж орлого олох боломж бүрдэнэ.

Шивээ-хүрэнгийн хилийн боомтын хувьд контейнер тээврийн терминал хийгээд дууссан. Жингээ тавиад ажилламаар байтал жин нь хилийн цаана Монгол руу орж ирэх гээд хүлээж байна. Монгол Улсын хувьд урд хөрштэй харилцааны ямар нэг асуудалгүй. Тиймээс хилийн асуудлыг нэг тийш болгох ёстой.

Хил, гааль, дэд бүтэц, тээвэр, төмөр замын асуудал нь төрийн бодлогоор зохицуулагдаж хийгдэх ёстой. Эдгээр ажлууд өнгөрсөн жилүүдэд муу хийгдсэн учир Монгол Улс зах зээлээс тусгаарлагдаж, зах зээл дээр үнэ өсөхөд манай улсын үнэ өсөхгүй байдалд хүрсэн. Хил дээр 30 орчим км вагоны тээврийн үнэ тонн тутамдаа 100-300 долларын хооронд хэлбэлзэж байна.

Төр засаг өөрсдийн хийж чадаагүй ажлын өртгийг ААН-үүдэд үүрүүлж байна. 2-3 жил ажилгүй сул зогссон компаниуд үүнийг нь төлөх чадваргүй болсон.

Засгийн газраас гаргасан 176 дугаар тогтоол нь хууль бус тогтоол. Учир нь уг тогтоол ашигт малтмалын тухай хуультай нийцэхгүй байгаагийн дээр Үндсэн хуульд заасан газрын баялаг бол нийт ард түмний мэдэлд байна гэх заалтыг зөрчиж байна. Байгалийн баялгийг үнэгүйдүүлж байна. Монгол Улс байгалийн баялгийг иж бүрэн ашиглах ёстой. Гэтэл сайн чанарын өндөр үнэтэй нүүрсийг зарж болоод хоёрдугаар чанарын нүүрсийг зарах гэхээр АМНАТ-ыг олборлоход өртгөө дийлэхгүй болчхоод байна. Үүнээс болж олон сая тонн нүүрс хаягдчихсан байна.

Тийм ч учраас Засгийн газрын 176 дугаар тогтоолыг хууль бус байна гэх үндэслэлээр “Монгол нүүрс” ассоциаци Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

-Хятад улсын Засгийн газраас нүүрсний импортын бодлогод ямар өөрчлөлт оруулж байгаа вэ. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Дэлхийн нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нүүрсний хэрэглээ буурсан. Хятад бол маш өргөн хэрэглээтэй улс. Тэнд эрчим хүчний хэрэглээ буурсан ч манай улсад нөлөөлөхгүй. Хятадын том хэрэглээний зах зээлд бага зэргийн хэлбэлзэж, зарим тохиолдолд хомстол үүснэ. Энэ хэлбэлзэл нь манай улсад маш том нөлөө үзүүлнэ. Тэр үед нь бид бэлэн байх ёстой. Бэлэн байхын тулд хил, гааль, төмөр зам, тээврийн дэд бүтэц, ложистик сайтай байх ёстой. Хэрэв ингэж чадвал дараагийн хэдэн 10 жилдээ нүүрсний экспортоос тогтмол өндөр орлого олох боломжтой бий.

Коксжих нүүрсний хэрэглээ ойрын 10 жилдээ ямар нэг байдлаар сулрах үзэгдэл байхгүй. Эрэлт өндөр байна гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэсэн.

Бид гадаад улсуудын байдлыг ярих бус дотооддоо хил, замынхаа үйл ажиллагааг сайжруулах ёстой. Зах зээл бол хангалттай байгаа.

-Энэ зунаас Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх болсон. Энэ нь эдийн засгийн ямар нөлөөлөл үзүүлэх бол. Таны хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Сая Ерөнхий сайдын айлчлалаар холбох цэгээ тохирсон. Гэхдээ үүнийг техникийн хувьд гүйцэтгэхэд дахиад нэг жил шаардлагатай. Эсвэл төмөр замаар тээвэрлэлтээ хийж, хилийн наана буулгаад контейнероор цааш зөөх хувилбар байж болно. Одоо бэлэн болсон терминалаа ажиллуулж чадахгүй байгаа хүмүүс энэ дагуу ажиллах эсэх нь эргэлзээтэй. Ашиглаж чадвал нүүрсний экспорт нэмэгдэх боломж байна.

-Манай улсын хувьд нэг жилд олборлох нүүрсний төлөвлөгөө болон тайлан асар зөрүүтэй байдаг. Төлөвлөлтдөө хүрч чадахгүй байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Манай улсын хувьд төмөр замгүй байсан ч 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Хятад улс жилдээ 70 сая тонн коксжих нүүрсийг гадаадаас авдаг. Монгол Улс хамгийн ихдээ үүний тал орчим хувийг гаргаж байсан. Хятадын хувьд Монгол, АНУ, Австрали, Орос, Канад, Африкаас нүүрс авдаг. Ганцхан манай улсаас тал хувийг нь авна гэх магадлал бага. Тийм учраас манай улс төлөвлөгөө гаргахдаа их том тоо тавих нь өрөөсгөл. Үүнийг гаргахдаа Хятадын талтай ярилцаад хоёр талын тохироо хийснээр бодитой болох юм.

-Энэ төлөвлөлтийг юун дээр үндэслэж хийдэг вэ?

-Энэ тоог зах зээлээ судлаад гаргаж байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсвөө бүрдүүлж зарцуулах эрх олж авахын тулд орлогын хэмжээгээ өндөр тогтоох хэрэгтэй болно. Ийм байдлаар тогтоодог гэж эдийн засагчид дүгнэдэг.

-Цаашид нүүрсний үнийн төлөв хэрхэн өөрчлөгдөх бол?

-Одоогийн нүүрсний үнийн огцом өсөлт тодорхой хэмжээгээр буурна. Гэхдээ долоон сар хүртэл хэрэглээ өндөр хэвээр байна. Өнгөрсөн жилийнхээс харьцангуй өндөр байна гэж бодож байна. Олон улсын нөхцөл байдлаас үүдэн бүх төрлийн эрчим хүч, түлш, шатахууны үнэ өндөр байх хандлагатай байна. Нөгөө талаасаа уул уурхайн үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Тэсэлгээний материал, химийн материалыг монголчууд нийлүүлж чадахгүй агаараар авах тохиолдол ч гарч байгаа.

Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа хэдий ч Монголд ямар ч ач холбогдолгүй байгаа нь хамгийн харамсалтай байна.

-Цаашдаа нүүрсний салбарт гарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй байх вэ?

-Учраа сайн олохгүй зохион байгуулалтын асуудлаас болоод маш их зүйл алдаж байна. Нүүрсний экспорт гэдэг бол олборлох уурхайн асуудал болохоос илүүтэйгээр ложистикийн асуудал болчхоод байна. Ложистикийн асуудал нь төрийн, хувийн компаниудын хамаг монголчуудын боломжийг алга болгоод байна. Энэ асуудлаа шийдэхгүйгээр ААН-үүдэд хамаг ачааллаа өгөөд байгаа нь буруу бөгөөд энэ салбарыг сөхрүүлэхэд хандсан үр дагаварт хүргэж байна. Тиймээс урт хугацаандаа нүүрсний салбарыг эрүүл байлгахын тулд “Монгол нүүрс” ассоциаци шүүхэд хандаад байна. Энэ нь ААН төрийн эсрэг хийж буй ажил биш. Аль нэг газар гарсан алдааг эрүүл болгохын тулд шүүхийн дагуу шийдвэрлүүлэх шаардлага гарч байгаа юм. Уурхайнууд нь тэсэж үлдсэнээр татвараа шударга бөгөөд татварын бааз суурийг илүү өргөн болгож, хил гаалийн асуудлаа шийдэж чадвал ирэх жилүүдэд нүүрсний экспортоос олох орлого эерэгээр гарах боломжтой.

-Хэрэв манай улс зах зээлийн өнөөгийн өсөлтөөс орлого олж чадсан бол хэр их ашигтай байх байсан бол?

-Өнгөрсөн жил 26 сая тонн нүүрс экспортолсон. Үүнийг хамгийн багаар буюу 100 доллараар бодоход 2.6 тэрбум ам.долларын борлуулалтыг Монгол алдсан. Энэ орлого төсөв эсвэл компани руу орох байсан нь чухал биш. Улс энэ хэмжээний орлогыг алдсан байна. Хил гааль ямар чухал гэдэг нь эндээс харагдаж байна.

-Орос Украины асуудал манай улсын түүхийн эдийн экспорт, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-ОХУ энэ үйл явдлын өмнө 100 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь манай улсаас экспортлох нүүрсний хэмжээг тодорхой байдлаар бууруулах нөлөө үзүүлэх байх. Гэхдээ үнийн хувьд манайхтай өрсөлдөх газар байхгүй. Тиймээс энэ давуу байдлаа илүү сайн ашиглах хэрэгтэй.

-Хил гаалийнхаа асуудлыг одоо хүүртэл шийдэж чадаагүй юм чинь дайны энэ байдлыг ашиглан орлого олох боломж байхгүй гэж ойлгож болох уу?

-Тийм. Одоо үнэ өсөөд Монголд ямар ч давуу байдал үүсэхгүй. Засгийн газар "Шинэ сэргэлт"-ийн бодлогынхоо хүрээнд боомтуудын хүчин чадлыг сайжруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьсан. Аж үйлдвэр хөгжсөнөөр хаягдал муу нүүрсийг баяжуулан сайн нүүрс болгох боломж бүрдэнэ.

Гутрангуй байдлаар харвал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ч нүүрсний үнэ өндөр хэвээр байсан. Эхний жил Австралийн нийлүүлэлт нэмэгдсэн. Дараа жил нь Оросынх нэмэгдсэн. Гэтэл Монгол Улсынх хоёр жил дараалаад унасан. Энэ байдлаар харвал дахиад л алдчих вий гэсэн санаа зовнил байна.


- Ярилцсанд баярлалаа.

Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 17.30 цаг хүртэл ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.