Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн НЭГДСЭН ЭМНЭЛЭГ: Менингитээр өвчилсөн үед уналт таталт өгч, комд хүргэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 35 секунд

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Харин уг өвчний талаар СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тархи нугасны бүрхэвч хальсыг менинг гэх бөгөөд уг хальс үрэвсэх эмгэгийг менингит гэж нэрлэнэ. Уг өвчин нь дараах шалтгааны улмаас үүсдэг:

  • Бактери
  • Вирус
  • Мөөгөнцрийн шалтгаантай

Энэ дундаа вирусийн менингит нь илүү түгээмэл бөгөөд бактерийн менингиттэй харьцуулахад хүндрэл багатай. Бактериар үүсэх хэлбэр нь ховор тохиолдох ч амь насанд аюул учруулахуйц ноцтой юм. Эдгээр нь аль ч насны хүнд илэрч болох ч бактерийн менингит нь бага насны хүүхэд, 15-25 насны залуу хүмүүст элбэг тохиолдоно. Харин насанд хүрсэн залуу хүмүүс вирусийн менингитээр өвчлөх нь элбэг байна.

Шалтгаан

Олон төрлийн вирус менингит өвчнийг үүсгэдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл нь гэдэс гүйлгүүлж, хоолой өвтгөдөг коксаки вирус гэх энтеровирус юм. Түүнчлэн маш ховор тохиолдолд уг өвчин гахай хавдрын вирусээс үүсэх боломжтой. Вирусийн менингитээр ихэвчлэн дулааны улиралд өвчлөх нь боловч энэ төрлийн өвчин дэгдэлт багатай байна.

Бактерийн менингит нь маш ховор тохиолдолд биеийн өөр хэсэгт бий болсон халдвар даамжирснаас үүдэлтэй байна. Тухайлбал, сүрьеэгийн бактери уушгинаас менинг рүү тархаж, менингит үүсэх магадлалтай. Бактерийн менингит нь ихэвчлэн ганц нэгхэн тохиолдол төдийгөөр хязгаарлагдана. Гэвч сургууль, коллеж зэрэг олон бужигнасан байгууллагад бага хэмжээний дэгдэлт гарах эрсдэлтэй.

ХДХВ халдвар, химийн эмчилгээ зэргээс шалтгаалан дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүс менингитийн халдвар авах эрсдэл ихтэй байна.

Шинж тэмдэг

Менингит нь эхэндээ ханиад хүрсэн төдий мэт бага зэргийн халуурах, сульдах зэрэг шинж тэмдэгтэй илрэх ба хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд даамжирна. Бактерийн менингитийн шинж тэмдэг маш хурцаар илрэх тул уг өвчнийг хэдхэн цагийн дотор тодорхойлох боломжтой юм. Харин вирусийн менингитийн шинж тэмдэг хэд хоногийн дараа илэрдэг. Нийтлэг илрэх шинж тэмдгүүд:

Толгой хүчтэй өвдөх

Халуурах

Хүзүү хөших

Тод гэрэлд нүд гялбах

Дотор эвгүйрхэх, бөөлжих

Менингоккийн менингитийн үед янз бүрийн хэмжээтэй хавтгай хавтгай, улаан хүрэн тууралт үүсэх бөгөөд дарахад өнгө нь хувирахгүй.

Оношилгоо

Өвчний эхний шинж тэмдэг илэрсний дараагаар мэргэжлийн эмчид хандаж дараах шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Үүнд:

Мэдрэлийн үзлэг.

Цусны ерөнхий ба биохимийн шинжилгээ

Шээсний ерөнхий шинжилгээ

Цусны ПГУ шинжилгээ

Цээжний рентген

Нугаснаас шингэн авах

Эмчилгээ

Өвчин үүсгэгчээс хамааран эмчилгээний хугацаа өөр байна. Вирусийн менингит 1-2 долоо хоногт эдгэрдэг. Харин бактерийн менингит хэдэн 7 хоногоос хэдэн сарын турш эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэнэ. Сүрьеэгийн бактериар менингит үүссэн тохиолдолд сүрьеэгийн эсрэг эм өгнө. Бактерийн менингитийн үед өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт байнгын хяналтад байлгана.

Хүндрэл

Бактерийн халдвараар үүсгэгдсэн менингитийн үед зохих эмчилгээ хийгээгүй тохиолдолд уналт таталт, комд хүргэх эрсдэлтэй. Уг өвчний улмаас тархи гэмтсэн тохиолдолд сонсгол муудах, ой санамж доройтох эрсдэлтэй. Түүнчлэн энэ нь насан туршид хадгалагдан үлдэх аюултай юм. Бактерийн менингит туссан 10 хүний 1 нь эмчлүүлж байсан ч амь насаа алддаг. Өндөр настан, нярай хүүхдүүд уг өвчнөөр эндэх нь элбэг байна.

Урьдчилан сэргийлэх

Салхин цэцэг, улаан бурхан, пневмококк, менингококкийн эсрэг вакцинд хамрагдах

Тэжээллэг, тэнцвэртэй хооллох

Дархлаа тогтолцоог дэмжих

Хувийн эрүүл ахуйг сайтар сахих

Аливаа өвчний эмчилгээг цаг алдалгүй хийх

Менингит нь аюултай үр дагавартай ноцтой эмгэг юм. Эхний шинж тэмдэг ажиглагдах үед зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, цаг алдалгүй оношлуулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай" гэжээ.

Б.Бат-Эрдэнэ “NAIA” дивизионд 3 жил дараалан түрүүлэв
Б.Бат-Эрдэнэ “NAIA” дивизионд 3 жил дараалан түрүүлэв
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц