Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого улсын хэмжээнд 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 230.6 (16.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7 хувь) тэрбум, шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны 4 дүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 28.7 (7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (1.5 хувь) мянган цэгээр цөөрлөө. Үүнд нийслэлийн суурин утасны цэг 3.7 (1.4 хувь) мянгаар багассан нь нөлөөлжээ.
Кабелийн телевиз хэрэглэгчид 2021 оны 4 дүгээр улиралд 955.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.9 (4.1 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдэв. Үүнд Орхон аймагт 13.2 (47.6 хувь) мянга, Улаанбаатар хотод 12.6 (2.6 хувь) мянга, Хөвсгөл аймагт 3.8 (12.7 хувь) мянга, Хэнтий аймагт 1.6 (7.5 хувь) мянган хэрэглэгчдээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид өнгөрсөн оны сүүлийн улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 243.7 (5.6 хувь) мянган хэрэглэгчээр ихэслээ. Үүнд нийслэлд 217.3 (9.6 хувь) мянга, Дархан-Уул аймагт 7.4 (6.2 хувь) мянга, Сэлэнгэ аймагт 5.7 (4.6 хувь) мянга, Орхон аймагт 4 (3.4 хувь) мянга, Дорнод аймагт 3.1 (3.1 хувь) мянган хэрэглэгчдээр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Интернэт хэрэглэгчдийн тоо 2021 оны 4 дүгээр улиралд өмнөх оныхоос 5.9 хувиар нэмэгдэж, 4.1 сая болжээ. Энэ өсөлтөд үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 214 (6 хувь) мянга, гэрээт интернэт хэрэглэгчид 16.1 (4.7 хувь) мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Нийт шуудан, илгээмжийн хэмжээ өнгөрсөн оны сүүлийн улиралд 1.6 сая ширхэг болж, өмнөх улирлынхаас 207.3 (14.9 хувь) мянган ширхгээр ихсэв. Үүнд дотоодын шуудан, илгээмж 149.8 (11.6 хувь) мянга, улс хоорондын гарах шуудан, илгээмж 25.1 (2 дахин) мянга ширхгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Шуудангийн үйлчилгээний салбар 2021 оны эцэст 1 сая ширхэг бичиг, захидал, 256.1 мянган ширхэг боодол, 439.9 мянган ширхэг илгээлт, 224.4 мянган ширхэг буухиа, 736 мянган ширхэг бизнес захидал, 247.3 мянган ширхэг гибрид шуудан, 57.9 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.