Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өчигдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.
Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 132 мянган аж ахуйн нэгж байгууллагад болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Ирэх тавдугаар сарын 01-ны дотор гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлонг ариутгаж халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид жил бүр халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхаар болжээ.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хороолол орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсон тухай мэдээллийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хандан хүргэлээ. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгаа тухай таатай мэдээллийг дуулгалаа.
Мөн тэрбээр хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа энэ үед иргэд ууланд гарч агаар салхинд зугаалахдаа гал алдсан цөөнгүй тохиолдол илэрсэн учраас гал түймрийн аюулаас сэрэмжлүүллээ.