Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 9-10-нд шилжих шөнө “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл очсоны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан дайчлан баривчиллаа.
Тодруулбал, Тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугаараар “санхүү авна” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлнээр болон дансаар төлбөр авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байна.
Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын 3 дугаар зүйлд заасан хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм байна.