Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН хөгжлийн банкыг шууд хяналтанд авлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 16 секунд

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт “хөгжлийн банкны өрийг өөрөөр нь төлүүлье, нэхье нэгдэе” нэртэй хэлэлцүүлгийг Зариг.мн сайт болон сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар хамтран зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид өргөнөөр оролцож маш олон саналыг дэвшүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нар мөргөлдөөд авсан зэрэг сонирхолтой үйл явдал ч болоод өнгөрсөн.

Харин энэ хэлэлцүүлэлт эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эхнээс нь дуустал суусан нь онцгой үйл явдал байлаа. Урд өмнө нь төр засгийн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг, шүүмжлэл бүхий хурал цуглаанд эрх баригч намын удирдлага эхнээс дуустал ингэж сууж байсан удаа бараг л байхгүй болов уу. Тэрбээр “Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй...2017 оноос хойш бид МАНАН бүлэглэлтэй тэмцэх улс төрийн тэмцлийг эхлүүлсэн. Харин одоо МАНАН бүлэглэлийг үүсгэсэн бизнесийн бүлэглэлтэй тэмцэх цаг эхэллээ. Эрх барьж буй намын хувьд бүх боломжоо ашиглана” гэж мэдэгдсэн”

Харин зарим хүмүүс эрх барьж байгаа нам өөрсдийнхөө хулгайч нартай юу гэж тэмцэх билээ гэх мэтээр итгэхгүй байгаагаа илд далдаар илэрхийлсээр байсан.

Тэгвэл МАН хөгжлийн банкны дотоод асуудалд шууд хяналтаа тогтоож ажиллахаар болжээ. Тодруулбал тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек, МАН-ын ерөнхийн нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатар нарыг томилжээ.

Мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороог байгуулсан ба түр хороог МАН-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ахлахаар болсон аж.

Ийнхүү МАН хөгжлийн банкны асуудлыг 100 хувь өөр дээр авлаа. Харин үүнийг “Улс төрийн нөлөөллийг арилгах ёстой байтал, улам л улс төрөөс хараат болгож байна. Мэргэжлийн банкируудыг томилох ёстой байтал улс төрчид өөрсдийн төлөөний хүнээ томиллоо” гэж шүүмжлэх хэсэг байна.

Ямартай ч МАН хөгжлийн банкны асуудлыг толгойгоороо хариуцахаар боллоо. Ирэх онд төлөгдөх бондын өр төлбөр зэрэг олон төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд ийнхүү шууд хяналтаа тогтоож байгааг буруутгах аргагүй. Үр дүн хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.

Дайны өмнөх дипломат жүжиг
Дайны өмнөх дипломат жүжиг
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.