Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дайны өмнөх дипломат жүжиг

Ангилал
Улс төр Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
16 минут 8 секунд

Австри, Чехийг сумны гарзгүй эзэлсэн Гитлер дараагийн бай болгож Польшийн хоосыг шахахаар шийджээ. Энэ болтол аядуу байсан Англи, Франц хоёр Гитлерийг тэгж тэнэгтвэл дайн зарлана гэдгээ шулуухан хэллээ. Гэхдээ сөргөлдөгч талууд асуудлыг дипломат аргаар зохицуулахыг уриалсаар. Хэл амаа ололцоно, дайн гарахгүй гэдэгт Европчууд тэр аяараа итгэлтэй байлаа.

Гитлер 300 гаруйхан мянган немц үндэстэн амьдардаг Польшийн Данциг мужийг Германд өгөх, Скандиновын хойг хүртэл нацистуудад зурвас гаргаж өгөх зэрэг биелэхийн аргагүй шаардлагыг тавьсаар байв. Энэ хүртэл шинэ дайн гарах вий гэхээс сэргийлж Англи, Францууд Гитлерт буулт хийсээр ирсэн. Хойгт нацистууд хяналтаа тогтооно гэдэг нь Англи руу тэнгисийн өргөн фронтоор давших замыг нээж өгнө гэсэн үг. Өдий хүртэл арай ч дайн хийхгүй байх гэж найдаж явсан барууныхан том эндүүрчээ. Гитлер дайн хийх эцсийн шийдвэрээ аль эрт 1937 оны 11-р сарын 5-нд гаргасан байсан баримтыг бүр хожим Ньюнбергийн шүүх хурал дээр л олж авчээ.

Тухайн үед Германы түрэмгийллийг ЗХУ-ын оролцоогүйгээр зогсоох боломж байсангүй. Гэтэл барууныхан Сталинтай хэл амаа ололцох тал дээр хэтэрхий хойрго хандсаар. Сталин харин аль эрт Гитлерийн санааг ойлгож Германыг зогсоох бага хурал хийх саналаа 1938 онд Англид тавьж байжээ. Ихэмсэг Англичууд “хэтэрхий эртдэнэ” гэж үзээд уг саналыг хэлэлцээгүй байдаг. Хорвоо хоржоонтой юм хойно жилийн дараа Англичууд Сталины хөлд суух ээлж иржээ.

Германтай үргэлж дайсагнаж ирсэн Оросууд Англитай хэл амаа ололцох сонирхол давамгай. Хэрвээ Гитлер Польшийг эзэлбэл газар тариалан, фермер хөгжсөн өргөн уудам нутагтай болж, газрын тос, ган зэрэг дайны хамгийн гол хангамж, түүхий эдээр найдартай хангагдана. Мөн еврей, словянчуудыг хэдэн саяар нь боолчилж хурдацтай хөгжиж байгаа тэдний зэвсэглэл, аж үйлдвэрийг нь хэн ч тогтоож барих аргагүйд хүрнэ. Герман баруун, зүүн аль ч тийшээ урт, том дайн хийх чадвартай болно гэсэн үг. Ийм зүйлийг барууныхан, ЗХУ аль аль нь хүсэхгүй.

Чухам ийм аюулгүй байдлын шаардлагаар Англи, Франц, ЗХУ-ын дипломатууд Москвад зунжингаа уулзлаа. Харин яриа хэлэлцээр төдий л урагшилж өгдөггүй. Англичууд хэлэлцээрийг аль болох сунжруулж хугацаа хожихыг зорино. Давхар Германтай хэл амаа ололцохын тулд Лондон, Берлины элчин сайдууд албан болон албан бус шугамаар тасралтгүй харилцана. ЗХУ-тай хийх хэлэлцээр хэдий урт үргэлжилнэ төдий чинээгээр Герман болгоомжилж, буулт хийхэд нэмэр болно гэж тооцсон нь Англичуудын мөн л том алдаа болсон юм.

Германы гадаад харилцааны сайд Риббентроп Англи-Оросын уулзалтыг зүгээр хараад суусангүй. ЗХУ-д барууныхнаас ашигтай санал тавих ёстой гэдгийг маш сайн мэдэж байлаа. 1939 оны 7-р сард ЗХУ, Германы худалдааны гэрээг шинэчилснээр эхний давуу талыг бий болгож, цааш цаашдын дипломат уулзалтын үүдийг нээжээ. Ийнхүү Англи, Герман аль аль нь Сталинтай ойлголцохоор уралдаж эхэлснээр Москва европын яриа хэлэлцээрийн төв болоод байв.

ЗХУ-ын гадаад харилцааны сайд Молотов, Германы гадаад харилцааны сайд Риббентроп. Москва 1939 оны 8-р сарын 23

Германы хувьд ЗХУ-ыг төвийг сахиулж чадвал Польшруу дайрахад асуудалгүй болно. Чех, Австрийг эзлэхэд юу ч хийгээгүйтэй ижил Англи, Францууд Германд халдаж зүрхлэхгүй гэдэгт Гитлер бат итгэлтэй байв. Харин Англи тэргүүтэй барууныхан ЗХУ-тай тохиролцож чадвал Гитлерийн түрэмгийллийг зогсоож чадна. Товчхондоо Сталин аль талд орохоос Европт шинэ дайн гарах эсэх нь шууд шалтгаалж байв.

Ангилчууд ЗХУ-тай ерөнхий байдлаар Германыг эсэргүүцэх тохиролцоонд хүрэхэд л Гитлер хөдөлж зүрхлэгүй болно гэж үзэж байв. Харин ЗХУ илүү нарийн, тодорхой нөхцөлтэй гэрээ байгуулахыг шаардсаар. Тэд дайн гарсан тохиолдолд Англи, Францын арми хэдэн дивиз гаргахаа маш тодорхой тохирох, Польш улс ЗХУ-ын цэргийг нутагтаа оруулах албан ёсны зөвшөөрөл өгөх зэрэг тодорхой шаардлага тавьж байсан юм. Ингэж сунжирсаар эцэстээ барууныхан хэрвээ дайн эхэлбэл 16 дивиз, дайчилгаа явуулж дахиад 16-г нэмж Германруу хөдөлгөнө гэж Сталинд хэлжээ. Энэ нь нацистын эсрэг 120 дивиз хөдөлгөнө гэж төлөвлөсөн Москвад дэндүү чамлалттай санагдав. Тун саяхан Оросын савраас салсан Польшууд зөвлөлтийн цэргийг газар нутгаараа дамжихыг эсэргүүцэж зөрүүдлэв. Ингээд Англи-Оросын хэлэлцээр 8 сарын дунд гэхэд гацаанд оржээ.

Харин энэ хооронд Гитлер Сталинд захидал илгээж Риббентропыг яаралтай Москвад айлчлуулахаар зөвшөөрүүлэв. Орлогч сайдаа илгээдэг Английн үл тоомсорлосон хандлагын хажууд Германы төрийн тэргүүн өөрөө захидал бичиж, гадаад харилцааны сайдаа бүрэн эрхтэйгээр айлчлуулах санал Сталинд илүү хүндтгэлтэй санагдах нь мэдээж. Ийнхүү Риббентроп 1939 оны 8-р сарын 23-нд Москвад ирж Герман-Оросын хамтын гэрээг зурлаа. Дайн гарсан тохиолдолд ЗХУ төвийг сахина. Талууд бие биерүүгээ дайрахгүй гэж тэд мэдэгдлээ. Барууныхан шоконд орлоо.

Риббентроп, Молотов нарын гарын үсэг зурсан уг хэлэлцээр үнэндээ Герман-Орос хоёрыг холбоотон болгожээ. Хэрвээ улс төр, цэргийн шалтгаанаар Европын газар нутагт өөрчлөлт орвол Висла, Нарев, Писа, Сан дөрвөн голоос зүүн тийш ЗХУ-ын мэдэлд байна гэж Польшийг хамцуй дотроо хуваажээ.

Бүхэл бүтэн 120 дивиз хөдөлгөж Польшийн төлөө алалцсанаас Германтай зүүн Европыг хуваах нь ЗХУ-д ашигтай тусчээ. Ийнхүү Герман ЗХУ-тай хэлэлцээрт хүрснээс 6 хоногийн дараа дэлхийн 2-р дайн эхэлсэн түүхтэй. Германы нисэх хүчин Варшавыг бөмбөгдөхөд Оросууд Минскээс радио давтамжаар байршлын мэдээлэл өгч байлаа. Германы ятгалгаар 9-р сарын 27-ний өдөр ЗХУ-ын арми Польшийн зүүн мужууд руу оров. Мөн оныхоо 11-р сард Латви, Лита, Эстони, Финландруу Оросууд дайрчээ.

Польшийг эгшин зуур устгасан Гитлер армиа баруун зүг эргүүлж Англи, Францруу хандуулах шаардлага гарч иржээ. Хоёр фронтоор байлдах чадваргүй Германы сул талыг Сталин овжин харж шинэ санал тавих нь тэр. ЗХУ Польш дахь мэдлийн зарим газраасаа татгалзаж оронд нь Латви, Литва, Эстон, Финландыг авах санал гаргав. Анхны тохирсон ёсоороо бол Литва нь Германы мэдэлд орох ёстой ч Гитлерт бодоод байх зав байсангүй. Скандиновын хойгийг бүтэн тавьж өгснөөр Германруу тэнгисийн өргөн флотоор дайрах стратегийн давуу талыг ЗХУ-д өгнө. Гэвч Гитлерт зөвшөөрөхөөс өөр аргагүй байхгүй. Төд удалгүй Герман Бельгирүү дайрахын тулд Польшийн зүүн талын багагүй нутгийг ЗХУ-д нэмж өглөө. ЗХУ-ын арми Балтын гурвыг эзлэхэд нь тусалж Германчууд тэнгисийн 2 крузер, 200-гаад байлдааны нисгэгч онгоц бэлэглэв. Мөн хамгийн орчин үеийн танк, нисэх онгоц, их буу, авто машин үйлдвэрлэх тоног төхөөрөмж, инженерийн зураг зэргийг нэхсэн зоргоор нь өгч байлаа.

Германы дайныг ашиглаж Сталин ямар ч газргүй газар нутгаа тэлж, ашиг хонжоо олсоор. Үүнд Гитлер бачимдаж дэлбэртлээ уурлах ч юу ч хийж чадахгүй. Хэрвээ ЗХУ төвийг сахих бодлоо өөрчилбөл нацистууд ялагдах нь тодорхой учраас өөрсдийн цусаа урсгаж Сталины дураараа дургихыг тэвчээд байсан хэрэг.

ЗХУ бол нацист Германы анхны холбоотон төдийгүй дэлхийн 2-р дайнаар Европ дахь нөлөөллөө үлэмж тэлсэн улс.

Өнөөгийн Орос НАТО-гийн зөрчлийн уг сурвалж тэртээ хоёрдугаар дайн, түүнээс ч өмнө улбаатай. Нэгнээ хүлцэж, ойлгохын аргагүй улс төр, нийгмийн байгуулал, гадаад бодлого, нөлөөллөө хэрэгжүүлэх эрс тэс өөр арга барилтай тэдний зөрчлийг бүгд найрамдах засаглал ба имперт ёсны зөрчил гэж ойлгож болно. Нэгэнтээ барууны интеграци нь ёс суртахуун, нийгмийн хөгжил дэвшлийн хувьд харьцангуй давуу талтай болохоо харуулсаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон орон Европын холбоо, НАТО-г түшихийг илүүд үзэх болжээ. Харин үүнийг ОХУ барууны эзлэн түрэмгийлэл гэж үзнэ.

Гитлерийг дарж өгснийхөө хариуд Европын гүнд хүртэл тэлээд байсан ЗХУ-ын амжилтыг сэргээхийг В.Путин зорьж байна. Харин Гитлерээр далимдуулж нөлөөллөө тэлсэн Оросын хил хязгаарыг Хаант Оросын үерүү нь ухраахыг барууныхан хүсч байна.

ЗХУ-ыг сэргээн байгуулна гэдгээ ил тод зарладаг В.Путин Сталины амжилтанд хүрдэггүй юмаа гэхэд Украинд дэглэмээ тогтоохын төлөө юу ч хийхээс буцахгүй боллоо. Хар тэнгист гарцтай болох нь Оросын эзэнт улсын үеэс улбаатай амбиц.

Өдгөө Украины нөхцөл байдал дэлхийн 2-р дайны өмнөхтэй тун төстэй болж ирлээ. Германчууд Польшийн хилд цэргээ төвлөрүүлж байхад Гитлер, Риббентроп хоёр яг л өнөөдрийн В.Путин, С.Лавров нар шиг “халдан довтлохгүй” гэж дахин дахин мэдэгдсээр байсан.

Дайн эхлүүлсэн Германы албан ёсны мэдэгдлээр бол Данциг дахь радиогийн байранд Польшийн арми халдаж олон Герман үндэстнийг устгасан. Цаашид Польшийн түрэмгийллийг тэвчих аргагүй болсон тул дайн зарлахаас өөр арга байгаагүй гэх. Гэтэл алагдсан гэх Германчууд нь геройн тариулж алхах чадваргүй гестапогийн хоригдлууд, алсан гэх Польшууд нь тэдний дүрэмт хувцсыг өмссөн Германы тусгай хүчнийхэн байсныг хожмоо Ньюнбергийн шүүх хурал нотолжээ.

Нэгэнт дайн хийх нь тодорхой болсон Гитлер эцэст нь хариуцлагыг нөгөө талдаа үүрүүлэхийн тулд хуурамч дипломат яриа хэлэлцээрийг тасралтгүй явуулсаар байсан. Яг л Путин Францын Ерөнхийлөгч Макронтой олон цаг уулзаж, Байдентэй долоо хоног бүр утсаар ярьдаг шиг. “Польш бүрэн эрхтэйгээр төлөөлөх хүнээ 8-р сарын 31-нээс өмнө явуулах ёстой” гэж Англи, Франц, Польшруу цахилгаан илгээсээр байжээ. Үнэхээр хэл амаа ололцох юм болов уу гээд ярихаар зөвшөөрөх аргагүй саналаа давтан давтан тулгана. Яг л Украиныг НАТО-д элсэхэд хориг тавих "уже" Европын холбоонд элсээд 15 жил болсон Румын, Унгарыг бараг л Оросын мэдэлд буцааж өгөх гэх мэт. Өдгөө Оросын шаардлагыг хүлээж авахгүй бол Украин сүйрнэ гэж ил тод мэдэгдээд эхэлжээ. Дайн хийхгүй гэж зай завсаргүй мэдэгдэх хэрнээ ердийн хэрийн сургууль гэж хэлэх аргагүй их хүчийг Украины хил дээр төвлөрүүлээд авлаа. Хамгийн сүүлд “бид дайн хийх төлөвлөгөөгүй байхад төлөвлөгөөг өөрчлөх хэмжээнд хүртэл асуудлыг битгий хүндрүүлээрэй” гэж С.Лавров мэдэгдлээ. "Бид байлдах бодолгүй байсан юм та нар бидний бодлыг өөрчиллөө" гэж хэлэх нь тэр. Үүнээс харахад Оросын Украинд явуулах байлдааны төлөвлөгөө гэнэтийн зүйл биш, эртнээс сайтар бодож боловсруулсан бодитой зүйл гэж хэлж болохоор байгаа юм.

Орос Украины мөргөлдөөнд барууныхан шууд оролцохгүй ч зүгээр суухгүй. Дайн гарвал урт хугацаандаа ОХУ ялагдах магадлалтай. ОХУ нь НАТО-гоос технологийн хувьд бүтэн үе хоцрогдсон арав дахин ядуу, 3 дахин цөөн цэрэгтэй, 5 дахин цөөн танк, 5 дахин бага нисэх онгоц, 20 дахин цөөн тэнгисийн флоттой.

Хэдий Оросууд буруу алхам хийж байгаа ч нэгэнт дайн эхэлбэл зөв буруу гэсэн асуулт ямар ч ач холбогдолгүй болдог. Гитлерийн хэлдгээр "ялсан талаас хэн ч байцаалт авахгүй". Тийм болохоор энд ашиг сонирхол гэж ганц л зүйл яригдана. Бид ОХУ-ын асуудлыг зөв буруу гэдэг өнцгөөс биш ашиг сонирхолын үүднээс л харахад хүрнэ. ОХУ дайн эхлүүлбэл муу. Хэрвээ дайнд ялагдвал бүр муу. Учир нь ОХУ, БНХАУ-ын хүч тэнцүү, дотооддоо нэгдмэл, тогтвортой хөгжил нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлын гадаад баталгаа. Нэг тал нь нуран унавал энэ нь бидэнд маш муугаар нөлөөлнө. Тайван цагт бараг бүх улс нэгнийхээ тусгаар тогтнол бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж амалдаг. Харин дайн дэгдэхэд хүчтэй нь хүчгүйгээ гэсэн сүргийн хууль шууд үйлчилдэгийг хүн төрөлхтний түүх тодорхой харуулдаг. Орчин цагт арай ч дайн гарахгүй гэж бодох нь эндүүрэл. Дэлхийн хоёрдугаар дайн гарах үед өнөөдрөөс ялгаагүй соёл иргэншилтэй дэлхий ертөнцөд дундын хууль дүрэм, дипломат ёс үйлчилж байсан юм шүү. Хэрвээ томоохон дайн дэгдэж ОХУ ялагдвал нэгэнт үүссэн нөхцөл байдлын улмаас дундад, төв, зүүн өмнөд ази дахь нөлөөллийг тоглогч солигдоно. Энэ орон зайг эзлэх магадлалтай нь БНХАУ. Аль нэг улсын тусгаар тогтнолын асуудлаар баримталж ирсэн тэдний байр суурь өөрчлөгдөхгүй гэх баталгаагүй. Хэрвээ улс орнууд нэгнийхээ тусгаар тогтнол бүрэн эрхийн асуудлаар үргэлж хэлсэн ярьсандаа байсаар ирсэн бол өдий болтол дэлхийн газрын зураг юу гэж ингэтлээ олон өөрчлөгдөх билээ.

Маргааш Улаанбаатарт цас орно
Маргааш Улаанбаатарт цас орно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.