Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 14-нд танхим, цахимаар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс хамаарч ногоон бүс болсон аймаг, сумдад цэцэрлэг, сургуулиа 100 хувь танхимаар эхлүүлэх боломжтой гэж харж байгаа.
Сурагчдын сурлагын хоцрогдол ирж байгаа тул нэг өдөр ч болтугай танхимаар хичээллэх боломжийг хүүхдүүдэд олгох ёстой. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэхийг хүсвэл сар шинийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэх хэрэгтэй байна. Тодорхой хэмжээнд хязгаарлалт тавихгүй бол халдварын давлагаа үүсвэл хичээл, сургуулийн үйл ажиллагаа хойшлох бодитой эрсдэл байна" гэлээ.