Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигчийг эх оронд нь авчирлаа. Тусгай үүргийн онгоц 16:06 цагт "Чингис хаан" ОУНБ-д газардлаа.
Нислэгийн өмнө бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Мөн Улсын Онцгой комиссоос коронавирусний оношилгоог нислэг дундуур хийжээ. Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт 9 хүн мөн МХЕГ-ын Улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Нислэг гүйцэтгэсний дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.
Ташрамд дурдахад агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүд бүхий 1284 кг ачаа тээвэрлэн ирж байна.
Түүнчлэн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.