Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын эмнэлэгт хүргэжээ. Харин жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат 35 настай иргэн С автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.