Сонгогч та 2020 оны зургадугаар сарын 24-нд зохион байгуулагдах УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг http://election.burtgel.gov.mn/ сайт руу регистрийн дугаараар нэвтэрч нягтлаарай. Таны хувийн мэдээлэл зөв байгаа тохиолдолд баталгаажуулах шаардлагатай.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал зургадугаар сарын 10-наас өмнө бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1980 утсанд хандаж, засуулна.
Мөн таны төлөв “түр хасав” төлөвтэй байгаа бол Сонгуулийн тухай хуулийн 20.6 дахь заалтад дурдсан холбогдох байгууллагад хандах шаардлагатай.
20.6.Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо уг мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
20.6.1.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүх;
20.6.2.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
20.6.3.60 түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
20.6.4.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
20.6.5.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
20.6.6.тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг цагдаагийн төв байгууллага;
20.6.7.зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цагдаагийн төв байгууллага;
20.6.8.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.