Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид онц байдал зарлалаа. Онц байдал нь хоёр долоо хоногийн хугацаатай аж.
Онц байдал зарласан Ерөнхийлөгчийн шийдвэрт хөл хориог оройны 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл байхаар баталжээ. Хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн цугларалт хийхийг хориглож мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ.
Токаев энэ талаар ярихдаа “Жагсагчдыг хууль бус үйлдэл гаргахгүй байхыг уриалж, харилцан ойлголцохыг хүсэж байна" хэмээжээ.
Мягмар гарагт Алматы хотын цагдаа нар хотын захиргаа руу дайран орох гэж оролдсон хэдэн зуун жагсагчийг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласан байна.
Алматы хотод ажиллаж буй “AFP” агентлагийн сэтгүүлчдийн мэдээлснээр, хэд хэдэн жагсагч, цагдаагийн ажилтнууд бага зэргийн гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Үймээн дэгдээгчдийг баривчилсан тухай мөн мэдээлэв. Казахстаны “zakon.kz” цахим хуудсанд мэдээлснээр орой нь цагдаа нар бараг бүх жагсагчийг Бүгд Найрамдах Улсын талбайгаас холдуулсан бол үймээний үеэр цагдаагийн хэд хэдэн машин шатжээ. Алматы хотод дэлбэрэлтийн чимээ шөнө сонсогдсоор байсан гэж нүдээр үзсэн хүмүүс болон сурвалжлагчид мэдээлжээ.
Засгийн газрын комисс жагсагчдад шингэрүүлсэн хийн үнийг бууруулахаа амлаж, тэднийг хариуцлагад татахгүй байх баталгаа өгсөн хэдий ч жагсагчдын олонх нь тараагүй байна.
Эх сурвалж: BBC