УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Шинэ сэргэлтийн бодлогод ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхнийг дэмжсэн ямар зүйл, заалт тусгасан талаар асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид өмнө эдийн засгийн асуудлуудыг багцаар нь бус нийгмийн асуудалтай хэт хольж явж ирсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр ложистикийг хөгжүүлэх хэрэгтэй, жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд эдийн засаг тэлэх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас үүнийгээ зөв оношлох хэрэгтэй. Зангилаа болсон эрчим хүч, түгжрэлийн асуудал руугаа эхлээд орох хэрэгтэй.
47 орчим хууль нэмэлт өөрчлөлт орохоор байгаа. Санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах буюу хувийн хэвшлийнхэн өвөлдөө бэлтгэлээ хангаж болох эсэх тухай. Чуулганы хуралдаан яагаад нэг сараар наана хуралдаж болохгүй гэж. Тусгай зөвшөөрөл болон бусад асуудлыг зөвшөөрлийн хуулийн хүрээнд төлөвлөгөөт шалгалтыг зогсоох саналтай байгаа. Нийслэлд газар олгогдох, сунгахад ажилтан 14 хоногийн дотор хариу өгөхгүй бол хариуцлага тооцох. Мэргэжлийн хяналтыг ч мөн бүтцийн хувьд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гомдол гарч асуудал үүссэн үед л шалгадаг байхаас байнга шалгаж, байнга цагдаа нар, мэргэжлийн хяналтынхан ресторанд очиж үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа. Төр аль болох саад хийхгүй баймаар байгаа юм" гэв.