Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 185 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,4 хувь буюу 1 тэрбум 542 сая гаруй суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй боллоо. Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173 сая гаруй хүүхэд, залуучууд хөл хорионд ороод байна. Иймд коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор боловсролын салбарт дараах шийдвэрийг гаргаад байна.
Тодруулбал, БНСУ-д 11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товложээ.
Тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг 1993 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт 3 удаа буюу 2005, 2010 онуудад БНСУ-д олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан болон 2017 онд Поханг хотод газар хөдлөлт болсонтой холбогдуулан тус тус хойшлуулж байсан байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.