Түлхүүр мэдээлэл:
- ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх мэдлийн хугацаагаа уртасгахаар төлөвлөж байсан юм.
- Тэрээр энэ тал дээр дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ард нийтийн санал асуулга явуулан, эцэслэн шийдвэрлэхээр болоод байжээ.
- Гэсэн ч Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор санал асуулга хойшилсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авторитари маягийн дэглэмээр олон жилийн турш улс орноо удирдаж ирсэн. Энэ онд тэр үүнийг нэг мөр цэгцэлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгааргүй болгохын тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар зориг шулуудаад байсан ч түүний энэхүү санаархал шинэхэн сорилттой тулгарлаа.
Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавирусийн цар тахал Путины замд хөндөлсөж байна.Тэрбээр лхагва гаригт /2020.03.25/ард иргэддээ хандан телевизийн шууд эфирээр коронавирусийн тархалт, түүний эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг хохирол багатай даван туулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.
Путин “Бид Орос хүний азанд найдах хэрэггүй болж байна. Европ болон бусад улс орнуудад юу болж байгааг харцгаа. Магадгүй энэ манай орны ойрын ирээдүй байж болно. Бид нөхцөл байдлыг бодитоор үнэлж, зөвхөн эмч мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийг үндэслэн аливаа шийдвэрийг гаргах болно” хэмээн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр дөрөвдүгээр сарын 22-нд болохоор товлогдсон байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг хойшлуулахаа мэдэгдсэн нь түүний хувьд маш таагүй зүйл байлаа. Одоо байгаа үндсэн хууль нь Путиныг одоогийн бүрэн эрхийнхээ дараа огцрохыг шаардаж байгаа бол нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгааргүй болгох байсан. Үүний тулд л тэр Засгийн газраа огцруулж, бүх нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар зохицуулчихаад ард нийтийн санал асуулгыг хүлээж байсан билээ.
Ийм нөхцөл байдалд бүх нийтийн санал асуулга явуулна гэдэг бол маш том эрсдэл. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хэрэв санал асуулга болох юм бол "гэмт хэрэг" болно хэмээн мэдэгдэж байсан юм.
Өмнөх өдөр нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан Владимир Путин энэхүү цар тахлаас улсынхаа эдийн засгийг ч мөн аврах хэрэгтэйг онцолж “Бид эх орон, нийгмийнхээ төлөө зарчмын чухал асуудлаар та бүгдийн санаа бодлыг сонсох нь онцгой ач холбогдолтой байгаа талаар миний бие өмнө нь дурдаж байсан. Гэхдээ мөн л та бүхэнд өмнө нь хэлж байсанчлан эрүүл мэнд, ард иргэдийн аюулгүй байдал гэдэг бол түүнээс ч илүү чухал. Тиймээс эмч мэргэжилтнүүдийнхээ саналд үндэслээд бүх нийтийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо" гэж мэдэгджээ.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2036 он хүртэл төрийн эрхийг барих Путиний санаархалд шинэ төрлийн коронавируст халдвар саад болсон байна.
Эх сурвалж: CNN