УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Амгалангаас Сонсголонгийн төмөр замын призор хүртэл зургаан эгнээ замтай болох юм байна гэж ойлгож болох уу. Нэг км замын өртөг дунджаар 3 сая ам.доллар болж байгаа юм уу" гэж асуулаа.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг "Одоо байгаа 9.5 км замыг өргөтгөн зургаан эгнээтэй болгоно. Түүнээс гадна баруун тийш 10-р хорооллын зам цаашаа нэвт яваад Сонсголонгийн замын уулзвартай нэгдэн баруун аймгуудын замтай нийлнэ. Зүүн тийш нохойтой хөшөөгөөр хязгаарлагддаг байсан бол зүүн тийш нэвт яваад Улиастайн гүүрний шинэ замтай нийлнэ. Ингэснээрээ нарны зам 17.5 км болж өснө.
Өргөтгөлийн хувьд нэг км нь 1.6 сая ам.доллараар баригдах урьдчилсан тооцоолол гарсан. Шинээр баригдах замын хувьд 2.8-3.5 сая ам.долларын өртгөөр баригдана" гэв.