Намаржин иргэдийн бухимдлыг төрүүлсэн шатахууны тасалдал арай хийж хэвэндээ ортол үнэ нь нэмэгдэж, чанар нь муудаад эхлэв. Дутуу шаталттай, хольцтой шатахуун хэрэглэж байгаа талаар жолооч бүр ам уралдан ярьж байна. Чанарын шаардлага хангахгүй шатахуун иргэдийн түрүйвчийг хоослохын сацуу машины эд ангид сөргөөр нөлөөлж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм.
-НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЛИЙГ ХУУРАМЧ ШАТАХУУН ГЭЖ НЭРЛЭЭД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ-
УИХ-ын хаврын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, "Содмонгол групп"-ын захирал Ц.Анандбазар Газрын тосны салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг тохиолдуулан үг хэлж байв.
Тэрбээр "Гишүүддээ газрын тосны салбар үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 80 жил гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд монголчууд маань автомашины парк шинэчлэгдээд дэлхийн хэмжээний өндөр технологиор бүтээгдсэн автомашин хэрэглэдэг болсон. Хамгийн эмгэнэлтэй нь 2021 он болоод газрын тосны салбар үүсэж хөгжөөд 80 жил болсны дараа хуурамч шатахуун гэж нэрлэдэг шатахуун биш газрын тосны үйлдвэрийн үлдэгдлийг хольж хутгасан бүтээгдэхүүний тухай хууль хэлэлцэж байгаа нь үнэхээр харамсалтай байгаа юм. Байнгын хороон дээр олон гишүүд санал хэлсэн. Нэгдүгээрт, энэ бол эдийн засгийн хувьд асар их хохиролтой. Бид жил бүр 80 тэрбум төгрөгийг импортын татварын орлогоос алдаж байгаа. Бензиний үнийн зөрүүг тэглэж, ард түмэнд ашигтай байлгах олон боломжийг алдаж байгаа. Бид хүнсний хэрэглээгээ мэддэг болсон. Өндөр үнэтэй машин хэрэглэдэг болсон үед нефтийн бүтээгдэхүүний үлдэгдлийг хуурамч шатахуун гэж нэрлээд хэрэглэж байгаа нь эмгэнэл юм" гэв.
-АИ-80 ШАТАХУУНЫ ЧАНАР ОДООГИЙН АИ-92 БОЛСОН ГЭДЭГ ЯГ ҮНЭН-
Шатахууны чанарын асуудлаар Авто инженер Д.Батдөлтэй ярилцлаа.
-Та авто инженерийн мэргэжлээр төгсөөд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би сургуулиа төгсөөд 20 жил машинтай ноцолдож байна. 10 гаруй жилийн өмнө машины механик гэмтэл их гардаг байсан бол сүүлийн жилүүдэд шатахууны чанар, тос маслоноос үүдэлтэй эвдрэл гэмтэл их гарах болсон.
-Шатахууны чанарын асуудал хэзээнээс гарч эхэлсэн бэ?
-Сүүлийн хоёроос гурван жилд шатахууны чанар эрс муудаж байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Форкунс бөглөрөөд байгаа юм. Энэ нь шаталт муутай байгаагийн илрэл. Ингэснээр мотор руу бензин орохдоо тортогтой ороод байгаа юм. Цэвэр шатахуун бол ямар ч тортоггүй байдаг. Шинээр орж ирсэн мотор яагаад сайн байдаг вэ гэхээр гадаадаас ирсэн машины мотор нь сайн бензин хэрэглэдэг байсан болохоор мотор нь ямар ч асуудалгүй байдаг. Товчхондоо машины моторт маш их халтай бензинийг манай монголчууд хэрэглэж байгаа.
-ШТС-уудаар түгээж буй шатахуунууд бүгд нэг шатахуун гэж үзэж байна уу?
-Магадгүй. Би машиндаа АИ-95 бензин л хийдэг. 95 хийсэн нь арай дээр. Аль ч клонкын 92 бол авах юмгүй болсон. АИ-80 шатахууны чанар одоогийн АИ-92 болсон гэдэг яг үнэн. АИ-92 хийхэд л шууд машинд дуу үүсээд эхэлж байгаа юм.
-Чанарын хувьд ШТС-ууд нэгнээсээ дээр доор байж чадах болов уу?
-Чанарын хувьд нэгнээсээ илүү гарах зүйлгүй гэж би боддог. Шахалтын хувьд харин өөр өөр байж магадгүй. Аль нэг байгууллагыг онцолж хэлэх нь тохиромжгүй байх. Оросоос бензин авах, Монголоос авах тэнгэр газар шиг ялгаатай. Улаан-Үдээс бензин хийхэд шаталт нь маш удаан. Хил нээлттэй байхад Сэлэнгэ, Алтанбулагийн хүмүүс бүгд хойшоо гарч бензинээ хийдэг байсан. Алтанбулагийн иргэд зөвхөн бензин авах гэж хойшоо гардаг байсан. Бензин л авах гэж хил даваад буцаж орж ирэхэд хажуугийнхаа Монгол клонкоос бензин авснаас л дээр байдаг. Машин их идээд, бензины зураас огцом доошлоод байдаг нь шатахууны чанартай л холбоотой.
Шатахууны чанар жолооч нарт хэрхэн нөлөөлж буйг тодруулахад иргэн Г.Баярсайхан "Намар бензингүй болоод хэсэг зүдэрсэн. Гэтэл одоо бензин биш бараг ус шахаад байх шиг. 20 төгрөгөнд бензин хийлгээд 3-4 хонодог байсан бол одоо 2 хоноод дуусаж байна. Бүх клонкууд ялгаагүй нэг ижил бензин шахаж байгаа юм хойно энэ тэр гэж хэлэхийн аргагүй. Төр засгаас үнийг нь барихгүй юм гэхэд чанарт нь анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэв.
Иргэн Ж.Төмөрсүх "Би prius 41 маркийн автомашинтай. АИ-92 хийлгэхэд түр тар гээд явах ч үгүй. Хэдэн төгрөг хэмнэх гэсэн биш машинаа эвдээд дуусах юм билээ. Бензины чанар авах юмгүй болсон. АИ-95 хийвэл л арай дээр. Гэхдээ л хийгээд удалгүй дуусчихдаг болсон" гэв.
Шатахууны чанарын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад "ШӨХТГ шатахууны асуудлыг хариуцдаггүй. Хуулийн дагуу энэ асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар хариуцдаг юм. АМГТГ өөрсдийн лабориторитой. Тэндээ ШТС-уудаас дээж аван чанарыг нь шалгах чиг үүрэгтэй. Ямартай ч манайхаас ажлын хэсэг гаран шатахууны чанарын асуудлаар ажиллаж байна" гэв. АМГТГ-аас мөн ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.
Авто шатахууны салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүд шатахууны чанарыг нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл хэмээн дүгнэж буйг дээр дурдсан. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Ц.Анандбазар гишүүний тодорхойлсноор газрын тосны үйлдвэрийн үлдэгдлийг хольж хутгасан бүтээгдэхүүнээ Монголд оруулж ирээд нэмж "юм" холиод байгаа нь ёстой л эмгэнэлтэй. Айлын хоол амттай л гэдэг сэн. Гэхдээ олон жил айлын хоол "буудахаар" амт ч үгүй, чанар ч үгүйн дээр аманд ч үгүй, хамарт ч үгүй болж буйн жишээг шатахууны чанараас тод харж болно.