УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн удирдаж буй агаарын бохирдолтой тэмцэх дэд хорооноос “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “УИХ дахь агаарын бохирдлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагууд ДЭМБ-тай хамтраад агаарын бохирдол хүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар харилцан ярилцлаа. Энэ уулзалтаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын талаар зөвлөлдөж байна. Ногоон хөгжлийн бодлогын нэг хэсэг бол агаарын бохирдол яах аргагүй мөн. Зарим хэсгээрээ агаар маш бохир болчихсон. Хэдийгээр төрөөс агаарын бохирдлыг бууруулах арга авч байгаа ч дэлхийн хэмжээнд манай улсын агаарын бохирдол өндөр гэж заасан хэвээр байгаа.
Агаарын бохирдол 40 хувиар буурсан нь манай улсын хувьд амжилттай үзүүлэлт ч гэлээ агаарын чанарыг илүү сайжруулах шаардлагатай байгаа. Цаашид хүүхэд багачуудын гадаад болон дотоод орчин дахь агаарын чанар ямар байгааг тооцоолж сайжруулахын тулд агаарын бохирдлын дэд хороо хуралдаж хэлэлцсээр байх болно” гэв.