Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, "Оюутолгойн төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр болсон" гэж мэдээлсэн. Тодруулбал, Рио Тинтогоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлсэн захидалдаа,
1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
2. ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;
3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байхаар болсон" хэмээсэн байна.