Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд өнгөрөгч 12 дугаар сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр өнөөдрөөс /2021.12.10/ хэвийн эхлүүлэхээр болсон талаар мэдээлээд буй.
Үүний дагуу Хятадын талаас эхний ээлжинд хил хаагдах үед гааль руу ороогүй үлдсэн 30 автомашиныг, үргэлжлүүлэн гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар ажиллаж байна. Энэ хугацаанд чингэлгийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг шалгуулах, зохих зөвшөөрөл гармагц чингэлгээр ачаа, бараа тээвэрлэж хилийн бүсэд солилцох ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.