Эрээн авто замын боомтын Хуан Юй олон улсын тээвэр логистикийн бүсэд байгаа ачаатай чингэлгүүдийг эхний ээлжинд гаргаж, хоосон чингэлэгт ачилт хийх ажлыг шат дараатай эхлүүлээд байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Ингэхдээ Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байгаа аж.
Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна.