Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ жилээс эхлэн Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг албан ёсоор нийтээр тэмдэглэн өнгөрүүлж, энэ хүрээнд 30 дахь удаагийн номын баяр болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа Номын баяр Сүхбаатарын талбайд болж байгаа юм.
Номын баярын нээлтэд тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан өргөн барьж батлуулсан Улсын Их Хурлын Гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, мөн Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлого асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, “Номын соёлт ертөнц” ТББ-н тэргүүн Б.Сувд нар оролцож, үг хэллээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ “Ном” хэмээх оюун санааны үнэт зүйлээр ард олноо соён гэгээрүүлэх, ном хэвлэлийн агуулга, стандартыг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоогчид, зохиолч, хэвлэн нийтлэгчид, түгээн дэлгэрүүлэгчидтэйгээ хамтран ажиллахаа онцлов.