Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: УОК-ын шийдвэрийн дагуу БНСУ, Токио руу нисэх тусгай үүргийн нислэгийн бэлэн байдлыг хангаад ажиллаж байна. Гэвч үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд буруу мэдээлэл түгээх, гүтгэх зэрэг асуудал үүсч байна.
Өмнө нь Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаадаас ирэх хүсэлтэй эхний ээлжинд явах шаардлагатай хүүхэд, хөгшчүүлийг авчрахаар бүртгэл хийсэн. Энэ бүртгэлд БНСУ-д тухайн үед 500 гаруй иргэд хүлээж байгаад бүртгүүлсэн. Эдгээр иргэдээс заавал явах шаардлагатай иргэдийг тусгай үүргийн онгоцоор авчирсан. Харин одоо явах нислэгээр тус бүртгэлд бүртгүүлсэн ч ирж чадаагүй байгаа үлдсэн иргэдээ авчрахаар явж байгаа гэж ойлгож болно.
Тодруулбал, нэмж хүн бүртгэхгүй, 10 гаруй хоногийн өмнө бүртгүүлсэн хүндэтгэх шалтгаантай иргэдээ л авна гэсэн үг.
Гэтэл нийгмийн сүлжээнд элчин сайдын яам шинээр бүртгэхгүй байна, хүсэлт авахгүй байна, утсаа авахгүй байна гэх зэрэг шүүмжүүд ихээр явж байна. Энэ тийм асуудал биш гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Өмнө нь оочирлоод бүртгүүлсэн иргэдийн жагсаалтыг МИАТ ХХК-д өгөөд билетийг нь бичээд явж байгаа. Билет бичих явцад зарим иргэд явахаа больсон гэх асуудлууд гарч байгаа. Ийм тохиолдолд дараагийн бүртгүүлсэн хүмүүст билетийг шилжүүлээд зохицуулаад явж байна.