Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгчийн тэтгэлэг“-ийн болзол хангасан 428 хүүхэд хэлний бэлтгэлд хамрагдана

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
3 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, “Сайн сургуулийг таны дэргэд” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг зарлалаа.

Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулж, Ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлэсний дараа зарлахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газар “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-ыг баталсан. Журмыг энд дарж үзнэ үү.

Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангах юм.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.

Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“Илгээлт – 2100” хөтөлбөрийн болзол хангасан суралцагчид сайн дурын үндсэн дээр хамрагдах тул цахимаар бүртгүүлж, хүсэлтээ баталгаажуулна.

Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагаас 12 дугаар сарын 09-ний өдрийн 11:59 цаг хүртэл shorturl.at/uwD79 цахим холбоосоор хүлээн авах юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов
Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжилтэд 100-120 ИХ НАЯД төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.