Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаар хүсэлт ирүүлсэн байна.
Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулав.
Дэвсгэр мэдээлэл: Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар