Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс өнгөрсөн баасан гарагт хамтарсан шалгалт хийж, нууцаар мөрийтэй тоглоомын газар байгуулж, тоглож байсан иргэдийг илрүүлжээ.
Тодруулбал, тус дүүргийн I хорооны нутагт байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцад нэр бүхий долоон иргэн тоглож байсныг 23.30 цагийн орчимд саатуулсан байна. Орон сууцын нэгдүгээр давхрын 5-6 тасалгаатай байранд ороход өрөө тус бүрийг тохижуулан, амрах буйдан, ширээ засаж, хасаа, хөзөр зэргийг олноор нь тавьсан, мөн өрөөндөө саунтай байжээ.
Байрны хананд дансны дугаар томоор бичиж наасан төдийгүй Цагдаагийнхан шалны хивсийг сөхөхөд доор нь нуугдах зориулалттай болов уу гэмээр тохижуулсан өрөө байгуулсан байж. Иймээс хэргийн газарт шуурхай ажиллагаа явуулж, тоглогчдоос мэдүүлэг, байцаалт авч, үргэлжлүүлэн шалгахаар болжээ.