Түлхүүр мэдээлэл:
- 21 хоногийн хөл хорио тогтоожээ.
- Хоол хүнс нөөцлөхөөр хөл хорионы дэглэмийг зөрчжээ.
- Хүмүүсийг тараахын тулд зэвсэг хэрглэжээ.
Коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 21 хоногийн хөл хорионы дэглэмийг Баасан гарагаас эхлэн хэрэгжүүлээд байгаа.
Өчигдөр Йоханнесбург хотын супермаркетын гадна хоол хүнс нөөцлөхөөр олон зуун хүн цугларч, хөл хорионы дэглэмийг ноцтой зөрчжээ.
Худалдан авагчдыг тараахын тулд цагдаа нар резинэн сумаар гал нээхэд хүрсэн байна. Өмнөх өдөр нь хөл хорионы дэглэм зөрчсөн 55 хүнийг баривчилсан тухай Өмнөд Африкийн эрх баригчид мэдээлжээ.
Өмнөд Африкт өнөөдрийн байдлаар коронавирусийн 1,100 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, нэг өвчтөн нас бараад байгаа нь Африк тивдээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй өсөж эхэлсэн тул ерөнхийлөгч Сирил Рамафоза хөл хорионы дэглэм тогтоох зарлиг гаргажээ.
Өнөөдөр Африкийн ихэнх улс орон сургуулиудаа хааж, үзвэр үйлчилгээ, шашны үйл ажиллагааг хориглоод байна.
Хамгийн сүүлд Зимбабве улс бүх хил, боомтоо хаах шийдвэр гаргасан нь Даваа гарагаас эхлэн хэрэгжих юм.
Африкийн орнуудын засгийн газрууд коронавирусийн тахалтай тэмцэхдээ хүч хэрэглэхээс буцахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Кени улсын цагдаа нар Момбаса хотын боомтод цугларсан иргэдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.
Кени улсад коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: The Guardian