БНХАУ-д коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш ОУВС, Дэлхийн банкны зүгээс дэлхийн эдийн засаг хүндрэлд орж болзошгүйг анхааруулж, бололцоотой бүхий л талын арга хэмжээ авахыг анхааруулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр/2020.03.28/ ОУВС-ын Гүцэтгэх захирал Кристалина Георгиева дэлхийн эдийн засаг хямралд орж байгаа талаар мэдэгдлээ.
Тэрээр “Коронавирусийн халдварын дэгдэлт буурай, хөгжил дорой орнуудын эдийн засагт хүндээр тусах өндөр эрсдэлтэй байна. Халдвар гарсан маш олон орнууд ихээхэн хэмжээний өртэй. Хэрэв тархалт үргэлжилсээр байвал тэдгээр орон өрөө төлж чадахгүйд хүрнэ. Коронавирусийн халдвараас үүдсэн хямрал томоохон гүрнүүд, болон хөгжил буурай орнуудын эдийн засагт залруулж боломгүй асуудал тарихаас өмнө дорвитой алхмуудыг хийх хэрэгтэй. 2020 оны эдийн засгийн хямрал маш том байх болно” гэлээ.
Мөн ОУВС-гийн удирдах байгууллагын виртуал уулзалтын үеэр бага орлоготой 50, дунд орлоготой 31 орны 189 гишүүдийн 40-өөс дээш хувь нь эдийн засгийн туслалцаа шаардлагатай байгаа талаар дурдсан байна.
Ирэх дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тоймыг танилцуулж, бүс нутаг, улс орон тус бүрээр хийсэн дүгнэлт, цаашдын төлөвийн таамаглалаа танилцуулах юм. Кристалина Георгиева ийнхүү урьчилан мэдэгдэл хийсэн нь дөрөвдүгээр сард болох уг танилцуулгаар нэгэнт таагүй дүгнэлт гарах нь тодорхой болсон тул эртнээс олон нийтэд мэдэгдэж, зах зээлд “доргио” үүсгэхээс зайлсхийж байна хэмээн эдийн засагчид таамаглаж байна.