Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн талаарх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүрд нь шуурхай хүргэж байгаа билээ.
Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй түгээхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компани Монгол улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус компани Эрүүл мэндийн яамны албан ёсны хуудсаар (www.facebook.com/www.mohs.mn) дамжих халдварт өвчлөлийн талаарх цаг үеийн болон бусад төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг нэгэн зэрэг илүү олон хүнд хүртээмжтэй хүргэхэд хамтарч ажиллаж байна.
Онцгой нөхцөл байдлын үед Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын ажилтнууд Фэйсбүүк компанийн холбогдох нэгжтэй шуурхай холбогдон ажиллаж байна. Ингэснээр иргэд өвчлөлийн талаарх шинэ мэдээллийг баттай эх сурвалжаас цаг тухайд нь шуурхай хүлээн авах төдийгүй халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, буруу ташаа мэдээлэлд автан сандрал, эмх замбараагүй байдалд орохгүй байх зэрэгт өндөр ач холбогдолтой юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ Фэйсбүүк компани нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгааг бид бүхэн талархан хүлээн авч байна. Иргэд олон нийтийн нийгмийн сүлжээн дэх мэдлэг сайжирснаар, цахим орчинд илүү боловсон, соёлтой оролцдог болсноор дэлхий нийтээрээ нүүр тулж буй аймшигт вирусийн талаар үнэн зөв ойлголттой болж чадна” гэжээ.
Монгол Улсын Засгийн газар цаашид Фэйсбүүк компанитай нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх тэр дундаа коронавирусын талаарх олон нийтийг эрсдэлд оруулж болох буруу ташаа нийтлэлийг устгах чиглэлд хамтран ажиллах юм.