Амралтын өдрүүдэд Булганы айрагны өргөө, Соёлын сайд Ч.Номингийн багцдаа тусгасан Богд Зонховын хөшөө хоёроор олон нийт бүрэн амьсгаллаа. Төсвийн мөнгийг ямар ч үр ашиггүй бүтээн байгуулалтуудад зориулж буй эдгээр үйлдлүүдэд иргэд маш ихээр бухимдаж, эсэргүүцэж байна.
2021 оны төсвийг батлахдаа 5 тэрбумын төсөвт өртөгтэйгөөр Богд зонховын хөшөөг барихаар тусгасан. Тэр нь дөнгөж саяхан батлагдсан 2022 оны төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэж, 32 тэрбум болжээ. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг улсаараа амсаж суугаа ийм хүнд цаг үед бурхны хөшөө барихад бүхэл бүтэн 32 тэрбум төгрөг зарцуулах нь туйлын зохисгүй. Ёстой л төсвийн нүгэл гэмээр. Энэ хөшөөнд очиж мөргөснөөр, бүтээн байгуулснаар улсын эдийн засаг сэргэхгүй. Харин ч татвар төлөгчдийн 32 тэрбум төгрөгийг хий дэмий салхинд хийсгээд л өнгөрнө.
Үүнээс гадна Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Айрагны өргөө” барихаар ирэх оны төсөвт 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилгаар баригдах гэж буй энэ өргөөнд Булган аймгийн брэнд бүтээгдэхүүн болох айргийг уух юм гэсэн. Гэтэл тус аймгийн Засаг дарга хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо “Булган аймгийн өрхийн эмнэлгүүд огт түргэний тэрэггүй” гэж хэлээд буцав. Эндээс хүний амь чухал уу, айраг цагаа баяр наадам чухал уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Тойргын төсвийн гишүүд энэ зэргийн үр ашиггүй, өгөөжгүй бүтээн байгуулалт руу урсгачихаад улс орны хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Энэ өргөө баригдснаар Булган аймгийн эдийн засаг сэргэх үү, гэвэл үгүй. Эсрэгээрээ энэ мөнгөөр түргэний тэрэг, эмч эмнэлгийн ажилчдын цалин хөлс, эмнэлгийн тоног төхөөрөмжийг авбал хэдэн хүний амийг аврах вэ. Энэ мэт улсын мөнгө уйлах биш, төсвийн мөнгө ёолох биш гэсэн хүйтэн сэтгэлтэй сайд, гишүүд, дарга нараас болж нийгмийн бухимдал дээд цэгтээ тулж байна. Магадгүй та бүхний энэ их тэнэглэл чинь нэг л өдөр ард түмнийг тэсрэх хэмжээн хүргэж мэднэ шүү.
Тиймээс “Айрагны өргөө”, “Богд Зонховын хөшөө” зэрэг үр ашиггүй, шавар барилгуудыг санхүүжүүлэх зардлыг нэн даруй зогсоох нь зүйтэй. Татвар төлөгчдийн нийтдээ 35.8 тэрбум төгрөгийг энэ хоёр бүтээн байгуулалтад зарцуулахаар байна. Ялангуяа “Богд Зонхов”-ын хөшөөнд 32 тэрбум төгрөгийг зарцуулна. Эдгээрт зарцуулах мөнгөө цар тахлын үед өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн салбарын ажилчдын цалин хөлс, нурах нь холгүй ХӨСҮТ зэрэг эмнэлгийн барилгуудаа засч сайжруулахад зарцуулцгаая.
Хэрвээ уг үр ашиггүй зардлуудыг эргүүлэн татахгүй холбогдох сайд, дарга, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй. Эмч, сувилагчид нь хоногийн хоолондоо ч хүрэхгүй шахам цалинтай, аймгийн өрхийн эмнэлгүүд нь түргэний нэг ч машингүй байхад юун “Айрагны өргөө”, юун бурхны хөшөө вэ.