Бээжингийн 2022 оны өвлийн олимпийг Бээжин, Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулна. Одоогийн байдлаар олимпийн 12 ордон, талбай, барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээгэж өгөөд байна. Тухайн бүсэд цагаан олимпийг угтсан өвлийн спортын олон улсын тэмцээн уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж, бэлтгэл туршилтыг хангалттай хийж гүйцэтгэжээ.
Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз" хэмээн нэрлэгддэг Тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпийн тэшүүртэй гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Бээжингийн хамгийн том үйлдвэр байгаад хаягдсан районыг шинээр засварлан тохижуулж байгуулсан цанын спортын “Шөүган” төв нь дэлхийн хамгийн анхны байнгын ажиллагаатай снөүбордын харайлтын тавцан бөгөөд өвлийн олимпийн түүхэнд анх удаа аж үйлдвэрийн байгууламжийг дахин ашиглаж бүтээсэн тэмцээний талбай гэдгээрээ онцлог болжээ. “Усан шоо” хэмээн нэрлэгддэг Усан спортын үндэсний төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилж, өвлийн олимпын кёрлингийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Харин хоккей, богино зайн тэшүүр, уран гулгалт зэрэг төрлүүдийг Ү Кэсүний спортын төв ордон болон Нийслэлийн спортын төв ордонд хийх ажээ.
Жанчхүүгийн тэмцээний бүсэд олон улсын стандартаар байгуулсан Үндэсний цанын спортын төвд цанын харайлтын таван төрөлт тэмцээн болон Нордикийн тэмцээнийг зохион байгуулна.
Бээжингийн хойд хэсэг дэх алслагдсан дүүрэг Яньчинд олимпийн хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв нь Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ.
Онцлууштай нь, Хятад улс энэ удаагийн өвлийн олимпийн барилга байгууламжуудыг “Ногоон олимп” уриан дор хийж гүйцэтгэсэн бөгөөд байгаль орчны үндсэн бүтцийг алдагдуулалгүй, зүй тогтолынх нь дагуу, эх байгальд тулгуурласан ээлтэй технологиор байгуулж олимпийн хотхонуудыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангажээ.
Эх сурвалж:CCTV.com