Өнөөдөр бол түүх "ихэрлэсэн" өдөр. Олимпын тавцанд Монгол төрийн алтан соёмбот далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэх түүхэн хувь заяа Бээжингийн тэнгэрт "ихэрлэсэн". 2008 оны зуны олимпт Н.Түвшинбаяр аварга анхны алтан медалийг авсанаас арав хоногийн дараахан тухайн үедээ боксын спортод цойлж гарч ирж байсан шавилхан биетэй залуухан гавьяат Э.Бадар-Ууган дэлхийд нэрээ дансалж, олимпын аваргын буухиаг үргэлжүүлж байв. Түүнийг Чикагогийн ДАШТ-ээс алтын дайтай мөнгө авч ирэхэд нь Бээжингийн олимпт амжилт үзүүлэх нэгэн хэмээн ард түмэн итгэл хүлээлгэсэн юм. Тэр ард түмнийхээ итгэлийг алдаагүй. Ялалт, ялагдал бүр амжилтынх нь хөшүүрэг хэмээн ярих Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Уугантай хийсэн ярилцлагаа бүрэн эхээр нь хүргэе.
-Ярилцлага хийх урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Өнөөдөр бол таны гэлтгүй Монголын ард түмний хувьд түүхэн өдөр шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Анх 1998 онд 13 настай байхдаа спорт, сургалтын төвд Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багшийн удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн. Уйгагүй зүтгэснийхээ хүчинд 2008 онд буюу хичээллэж эхэлснээс хойш яг арван жилийн дараа олимпын алтан медаль аваад зогсож байлаа.
-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас аав, ах хоёр тань анх боксын секцэнд дагуулж очсон гэдэг юм билээ. Хэдий анх дагуулж очсон хүн нь аав тань боловч өөр нөлөөлсөн хүн бий юу?
-Манай өвөө барилддаг хүн байсан л даа. Намайг бөх болгоно л гэдэг байсан. Манай гудамжны хүүхдүүдийг цуглуулж байгаад л хооронд нь барилдуулна. Би ч өөрөө барилдах дуртай хүүхэд байсан. Тэгсэн аав, ээж хоёр маань ярилцаад боксоор хичээллүүлэхээр болж байв. Түүнээс хойш спортдоо үнэнч явсан. Өвөө маань намайг Дэлхийн аварга болгоно гэдэг байлаа. Хүүхэд байсан болохоор Дэлхийн аварга гэхээр сайн ойлгодоггүй л явсан үе л дээ. Гэхдээ өвөө маань их бэлгэшээж өсгөсөн юм билээ. Бөх биш боксоор хичээллэхээр болох үед “Барилдсан ч, “зодолдсон” ч дэлхийн аварга болно” гэж хэлж байсан юм. Үнэхээр ч хөдөлгөөнтэй, нэг тийм юманд элдэвтэй хүүхдүүд байдаг даа. Түүнийг маань л олж харсан байж дээ гэж боддог.
-Тэгвэл бокс таны хүсэж, дурласан спорт мөн байсан уу. Таныг бэлтгэл сургуулилтад их ач холбогдол өгдөг хүүхэд байсан гэлцэх юм билээ?
-Хичээллэж эхэлсэн жилээ “Олимпын гараа” гэдэг тэмцээнд ороод ялагдсан. Тэгэхэд миний шар хөдөлсөн ч гэмээр юм уу даа. Тухайн үед би бэлтгэлээ заримдаа тасалчихдаг, заримдаа найзуудтайгаа нийлээд явчихдаг л байлаа. Өөрийгөө л хуурч байсан хэрэг шүү дээ. Тэгээд л тэмцээндээ ороод ялагдсан. Тиймээс дараагийн тэмцээн хүртэл маш сайн бэлтгэлээ хийж, техникүүдээ сайжруулж, ядрахгүй байх чухал юм байна гэдгийг ойлгож 13 настай өөртөө зорилго тавьж байсан юм. Гурван сарын турш уйгагүй бэлтгэл хийж Өсвөрийн УАШТ-д түрүүлсэн. Зорьсон зорилгодоо хүрчихээд зогсож байх мөч ямар сайхан байдгийг тухайн үед мэдэрч, түүнээсээ урам зориг авсан. Дараа дараагийн тэмцээндээ ч өөрийгөө хичээх ёстой гэж хурцалдаг байв. Тэр маань ч амжилт үзүүлэхэд том түлхэц болж өгсөн болов уу гэж боддог.
"Чикагогийн ЯЛАГДАЛ надад олимпт алтан медаль авах хөшүүрэг, хор шар болж өгсөн"
-Чикагогийн ДАШТ-ий талаар ярилгүй өнгөрөөж болохгүй байх. Тухайн үед таныг шүүгчийн буруугаас болж мөнгөн медаль хүртсэн гэж ярьдаг. Гэхдээ монголчууд алтын дайтай мөнгө хэмээн хүлээж авсан шүү дээ?
-2007 онд олимпын эрх олгох ДАШТ-д оролцсон минь тэр. Хариуцлагатай тэмцээн. Тухайн үед би Оюутны дэлхийн аварга, Азийн аварга болчихсон байсан. Тиймдээ ч өөрийн жингийнхээ тамирчдыг ерөнхий мэддэг болчихсон байсан үе. Намайг ч жингийнхэн маань мэддэг болчихсон байв. Яг л амжилт маань цойлж байсан үе шүү дээ. 1997 онд МУГТ Т.Үйтүмэн ах маань Будапешт хотноо болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авч байсан. Түүнээс хойш боксын спортоор дэлхийн аваргын медаль тасарчихсан байсан юм. Тиймээс шигшээ багийн тамирчид маань тасарсан медалийг эх орондоо авч ирэх зорилго тавьж байв. Манай баг маш хүчтэй баг байсан л даа. Тэгээд л Америкт очсон. Цагийн зөрүү ихтэй газар. Миний хувьд нэлээн жингээ хасаж, барьдаг хэцүү үе байсан.
Их л туршлага хуримтлуулсан тэмцээн болсон гэж боддог. Тамирчин хүн ринг дээр биеэ хэрхэн зөв авч явах, өөрийгөө бэртэл гэмтлээс хэрхэн хол байлгах гэх мэтчилэн маш том сургамжийг надад өгсөн. Олимпт оролцоход түлхэц үзүүлсэн хамгийн том тулаануудаа тэр ДАШТ-д хийсэн. Манай боксчид ихэвчлэн таван тулаан хийж алтан медаль авдаг. Миний хувьд зургаан тоглолт хийсэн. Ер нь зургаан тоглолт хийсэн тамирчин байхгүй. Манай жинд ч маш олон тамирчин орсон. Хасагдаж явсаар таван тоглолт хийчихээд байхад алтан медаль авч чадаагүй. Алтын төлөө надтай тулалдсан Оросын тамирчин дөрөвхөн ялалт байгуулж гарч ирсэн. Тэр нь ч намайг жаахан ядраасан байх. Гэхдээ энэ бүхэн нь дараа жил нь олимпт алтан медаль авахад маш том ухаарал өгсөн болов уу гэж боддог.
-Тухайн үед ринг дээр гарах үед танхим дүүрэн үзэгчид таны өрсөлдөгч болох Оросын тамирчин С.Водопьяновын нэрийг дуудаж орилолдож байсан гэсэн. Ийм нөхцөлд тамирчны сэтгэл зүй, анхаарал төвлөрөлт гэдэг зүйл маш чухал байх?
-Тэгэлгүй яах вэ. Зерител гэдэг их чухал. Тиймдээ ч үзэгчид дуртай, хайртай тамирчнаа хажуунаас нь харж дэмжих дуртай байдаг байх. Одоо би өөрөө дуртай тамирчнаа дэмжих үед ямар сэтгэгдэл төрдөг болохыг мэдэрч яваа.
2016 онд Отгондалай маань Риогийн олимпт маш хүнд тулааныг хийсэн. Тэгэхэд би хүмүүс яг л дотор нь орсон мэтээр дэмждэг юм байна гэдгийг ойлгож байсан. Т.Үйтүмэн ах маань бокс тайлбарлах үедээ бултаж байхыг харсан л байх. Яах аргагүй тамирчиндаа санаа зовж, өөрөө тулалдаж байгаа мэтээр “орчихдог” юм билээ.
2007 оны Чикагогийн ДАШТ-ий финалд оросуудаас дутахааргүй олон монголчууд ирсэн. Зерител бараг л 50, 50 хувьтай байсан байх шүү. Гэхдээ би болох зүйл болдгоороо болсон л гэж боддог. Тэр ялагдал надад олимпоос алтан медаль авах хөшүүрэг, хор шар болж өгсөн. Би мөнгөн медаль аваад зогсож байхдаа дараагийн тэмцээнийхээ бэлтгэлийг л бодож байсан. Хүн ингэж байж л амжилтад хүрдэг гэж боддог.
-Мөнгөн медаль авч зогсохдоо дараагийн тэмцээнийхээ бэлтгэлээ бодож байсан хэрэг үү?
-Тийм ээ. Ер нь тамирчин хүнд мөнгөн медаль авах мэдрэмж их хэцүү байдаг л даа. Ялчихаад төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хэн хүнд олдоод байхгүй боломж. Хүрэл медаль авчихсан бол хэд хоногийн өмнө сэтгэл зүй бэлтгэгдчихсэн байх асуудал. Гэтэл финалд ялсан нь алт авч, ялагдсан нь мөнгөн медаль авах нь тодорхой. Алтаас зуураад л алдчихлаа гэсэн үг шүү дээ.
-Тус ДАШТ-ээс нэг жилийн дараа олимпын наадам болсон. Та энэ хугацаанд бэлтгэлээ хэрхэн базааж байв?
-Тамирчин хүний хамгийн том зорилго нь олимпын медаль авах явдал. Ирэх жилийн олимп хаяанд байна даа гэж бодоод л бэлтгэлээ хийж байсан. Яаж өөрийнхөө техникийг сайжруулах вэ гэж боддог байв.
Боксын спорт бол тэр чигээрээ техник. Хүчтэй байгаад техник муутай бол амжилт гаргана гэж хэлэхэд хэцүү. Нэг цохилтыг хэдэн сая удаа давтсаныг мэдэхгүй шүү дээ.
Бэлтгэл сургуулилт гэдэг бол маш их цаг хугацаа, төвлөрөл, зорьсон зорилго байдаг. Тэгэхээр би болж байна гэж бодож болдоггүй. Хувийн сахилга бат гэж зүйл бий. Гадуур дотуур найр наадам, найзынхаа төрсөн өдөр дээр очих аль эсвэл нойр алдчихад л хэдэн өдрийн бэлтгэлээ алддаг гэж үнэн. Энэ бүхэнд намайг зорилго маань хурцалж байсан.
Спорт гэдэг бол залуу насны зүйл. Цаг хугацаатай уралдаж байдаг. 1998 оноос хойш 2008 он дуустал төрсөн өдөр, баяр наадам тэмдэглэж огт үзээгүй. Түүнийхээ хүчинд өөрийнхээ бэлтгэл, формыг барьж амжилт үзүүлж чадсан гэж боддог.
"Финалын тоглолт руу явж байхдаа алтан медаль аваад камерийн өмнө хэлэх үгээ хүртэл бодож явсан"
-Бээжингийн олимп. Та өөртөө маш их хариуцлага хүлээлгэсэн байх. Ард түмэн ч ялгаагүй. Олимпын ринг дээр гарч тулалдсан тоглолтуудынталаар яриагаа үргэлжлүүлье?
-2005 онд бид чинь 19, 20 настай л залуучууд байлаа шүү дээ. 2007 онд гавъяат тамирчин цол авсан. Гавьяат тамирчин гэдэг цолыг авчихаад нэг л сэтгэлд багтаж өгөхгүй байсан. Тэгээд л улам хичээх ёстой гэж өөрийгөө хурцалж байсан. Бүх зүйл дээрээ анхаардаг байв. Олимпын баг тамирчид дундаас хамгийн түрүүнд эрхээ авчихсан байсан. Маш том хариуцлага дагалдаж байлаа.
Олимп Бээжинд болсон тул цагийн зөрүү гээд байхаар зүйл байгаагүй. Таван тивээс олимпын эрхийг 32 тамирчин авдаг. Тухайн үед би жингийнхээ тамирчдыг ихэнхийг нь мэддэг байсан л даа. Тэгсэн Мехсикээс нэг мэдэхгүй тамирчин эрх авчихсан. Гэтэл олимп дээр сугалаа сугалахаар болсон. Монголчуудын сүсэг бишрэл гэдэг зүйл байдаг даа. Банди багш маань сугалаа сугалах гээд зогсож байх үед “За миний хүүхдүүд сайн залбираарай. Гоё сугалаа сугалах болтугай” гээд л байв. Сугалаанд найдна гэж юу байхав гэж бодож байсан. Сугалаагаа таттал өнөөх Мехсикийн тамирчинтай эхний тулалдаан дээр таарчихсан. Тэр үед юм гэдэг цаанаа учиртай гэж бодсон. Медалийн төлөө гарч ирж магадгүй гэж харж байсан тамирчинтайгаа таарчихсан л даа.
Ер нь боксын тамирчдын хувьд эхний тулаан их хүнд байдаг. Гэхдээ нэг тоглолт хийгээд ялалт байгуулчихад ринг, зерител, заал, уур амьсгалаа мэдэрчихдэг. Тийм ч учраас боксчдын эхний тулаан хүнд болдог. Эхний тоглолт нэлээн удаан үргэлжилж, Мехсик тамирчныг ялсан.
-Финалын тоглолтын өмнө алтан медаль авч чадна гэх зорилго таны бодолд хэр багтаж байв?
-Сэтгэл зүй их чухал л даа. Ялсан тамирчин бүрийн арга барил, техник, тоглолтыг судална. Унтах гэхээр нөгөө тамирчнаа бодоод байдаг нь сэтгэлийн шаналал байдаг. Сайн амарч чадахгүй байна гэсэн үг шүү дээ.
Би 2007 оны Чикагогийн ДАШТ-ын финалын урьд орой унтаж чадаагүйгээ санадаг юм. Нүдээ аниад л хэвтэхэд нөгөө Оростойгоо ринген дээр тоглож байгаа юм шигээр бодно. Кино үзэж байгаа юм шиг л мэдрэмж. Хөл гар хүйтэн. Тэр ч надад маш том сургамж болсон.
Ийм л замыг бүх л тамирчид туулдаг. Ямар ч аваргад стресс, өрсөлдөгч тамирчнаа бодолгүй өнгөрүүлсэн мөч гэж байдаггүй. Энэ бүрийг давж байж ялалт цугтаа ирдэг юм билээ.
Харин 2008 онд алтан медалийн төлөө тоглох гэж байхад Куб тамирчныг огт бодоогүй. Юм үзэж, нүд тайлсан гэдэг шиг л. Би энд алтан медаль авах гэж ирсэн, одоо л олимпын аварга болж чадна гэдгээ одоо л харуулах ёстой гэж бодсон. Дэр дээр толгой тавиад л унтчихсан. Өглөө нь сэрэхэд маш сайхан амарсан байсан. Үдээс хойш тоглох гээд автобусандаа суусан. Финалд шалгарсан тамирчид нэг автобусанд явдаг л даа. Тэгээд автобусандаа ороод суусны дараа нөгөө Кубын тамирчин орж ирээд л суулаа. Финалд тоглох гэж явж байхдаа шүлэг сонссон шигээ их л тайван байсан. Бүр алтан медаль авбал камерийн өмнө хэлэх үгээ хүртэл бодож явсан. Очоод л хувцсаа солиод л бужигнаад эхэлсэн. Их л хурдан өрнөсөн.
-Харин цаг дуусах дөхсөн хэдхэн секундийг тоолсны дараа?
-Ялчихлаа гэхэд дотроо хадгалж байсан бүх сэтгэл хөдлөл маань тэнд гарсан. Ринг дээр өнхөрч байснаа хараад яагаад ийм үйлдэл гаргасан юм бол гэж хааяа боддог /инээв/. Олон жил хүсч мөрөөдсөн зорилгодоо хүрэх мөчид сэтгэлийн эмоци тэгж илэрсэн хэрэг л дээ.
-Төрийн дууллаа сонсох агшин үнэхээр сэтгэл догдлом мөч биз?
-Тэгэлгүй яах вэ. Олимпын тэнгэрт эх орныхоо төрийн соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх мөчийг үгээр зүйрлэшгүй. Хаалтын ажиллагаа болох өдөр боксын тэмцээн маань болсон учраас хүн бүр анхаарлаа хандуулчихсан байсан. Олон хоног ч үргэлжилдэг хүнд спорт л доо. Стадион дотор хүмүүс ч их хүндэлнэ. Бид чинь ямар өвөг дээдсийн үр сад билээ. Тэр утгаараа өвөг дээдсийнхээ нэрийг гаргасандаа туйлын их баярласан.
"Байраар шагнуулчихаад, ашиглалтад ороогүй байраа байнга очиж хардаг байлаа"
-Олимп, дэлхийн хос медальтан болох мөрөөдлөө та биелүүлж чадсан. Зорилгоо биелүүлчихээд Монголдоо буух мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монголдоо ирэх мөчид үнэхээр сайхан байсан. Нисэх буудлаас Улаанбаатар хүртэл хоёр замынх нь талаар битүү хүмүүс гараад ирчихсэн байсан. Ер нь спорт тэр дундаа олимпизм гэдэг зүйл бол эв нэгдэл гэдэг нь харагдаж байсан л даа.
Ямар ч эрх мэдлээр худалдаж авч чадахгүй зүйлийг өөрийн үйл хөдлөл, ур чадвараар өрсөлдөөд авч ирсэн учраас түүнийгээ л шүтдэг юм билээ.
-Маш олон зүйлийг туулж олимпын аварга болсон гэж та өмнө яриандаа дурдсан. Тэгвэл боксын спорт таны амьдралд ямар өөрчлөлтийг авч ирсэн бэ?
-Спорт надад маш том өөрчлөлтийг авч ирсэн. Манайх Шар хаданд ягаан байранд амьдардаг байлаа. Гэр хороололд л амьдардаг байлаа шүү дээ. Залуучууд маань байр орон сууцанд орж байна, нөхцөл боломжоор нь хангалаа, ипотекийн зээлд орж байртай болж байгааг сонсоход таатай байдаг. Амьдралд урам зориг, эрч хүч авах зүйлсийн нэг.
Тамирчин болсноос хойш миний бас нэг зорилго бол байртай болох байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тамирчнаар орж байсан. 2007 онд ДАШТ-ээс медаль аваад ирэхэд хоёр өрөө байр өгсөн. Охин маань төрсөн байсан. Байрны маань ажил нь ер явж өгдөггүй ээ. Эхнэр бид хоёр зав л гарвал байраа очиж үздэг байлаа. Тэр тоос шороон дунд барилгачидтай нь цуг ороод зогсож байгаад ярилцана.
Тэр болгоноос маш их урам зориг авч байсан. 2008 онд ард түмэн, төр засаг амжилтыг маань үнэлж байв. Миний амжилт Э.Бадар-Ууган гэх хувь хүний амьдралд маш том өөрчлөлтийг авч ирсэн. Ажил хийж цалин аваад ч байр авах боломжгүй байсан. Тиймээс ч өдий зэрэгтэй яваадаа спортдоо бахархаж, баярлаж явдаг.
"Мэргэжлийн боск руу орох гэрээ хийсэн байсан ч бэртлээсээ болоод чадаагүй"
-2011 онд Казахстаны Алма-Ата хотноо зохиогдсон сонирхогчийн боксын олон улсын тэмцээнээс гавьяат тамирчин П.Сэрдамба та хоёр алтан медаль хүртсэн. Гэхдээ таныг тухайн үед бэртэлтэй хэрнээ ринг дээр гарч тулалдсан гэх юм билээ?
-2008 оны олимпын дараа гарандаа хагалгаа хийлгэсэн. Нэлээн бэртэлтэй байсан. Ринг дээрээ буцаж гарах гэж нэлээн үзсэн. 2011 оны 12 дугаар сард байх. Он гараад Лондонгийн олимп болох байсан. Гэтэл бэлтгэлдээ гарах гэхээр л бэртэл маань сэдэрчихээд байсан юм. Тиймээс л олимпын аварга гэх цолтойгоо олон улсын ринг дээр гарч тоглолт хиймээр санагдсан. Тэгээд бэртэлтэйгээ “үзэлцсээр” байгаад тэмцээндээ явсан. Тэмцээний үеэр Н.Төгсцогттойгоо нэг өрөөнд орж таарсан. Төгсөө жингээ хасах гэтэл чадахгүй байна гэв. Би өнөөхдөө тус болох гэж бэлтгэл хийж байгаад бэртлээ сэдрээчихсэн. Маргааш нь ч тэмцээн эхэлсэн. Тэгээд л багшдаа хэлээд ринг дээр гарахаар болсон.
Нуруугаараа хөдөлж болохгүй байсан. Нуруу руугаа өвчин намдаах тариа хийлгээд, мэдээ алдахад нь ринген дээрээ гарчихсан. Манай хэд “Бадраа чинь бие халаалтгүй тоглочихож байна” гэж маазарна. Тухайн үед их гоё дурсамж болж үлдсэн. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг л болсон. Таван тулаан хийж алт авсан.
-Таныг олимпт оролцсоны дараа мэргэжлийн бокст хүч үзнэ гэж олон нийт харж байсан?
-Мэргэжлийн бокст орох гэрээ хүртэл хийчихсэн байсан. Бэртэл маань сэдэрч байсан учраас яаж мэргэжлийн бокст орох билээ. Тэгээд л больсон.
-Спортоо орхих болсон шалтгаан бэртэлтэй холбоотой байсан юм уу. Энэ асуултад одоо ч олон нийт хариулт авахыг хүсдэг?
-2011 оны Казахстаны тэмцээний дараа буюу он гараад л бэртэл маань дахин сэдэрсэн. Эмч нар бэртэл нь ойр ойрхон сэдрээд байвал нуруу нугас мэдээгүй болох эрсдэл байгааг анхааруулсан. Тиймээс л хүнд шийдвэр гаргаж, спортоо орхисон доо.
"Спортоо орхисны дараа нүдээ анихаар л бокс бодогддог байсан"
-Тамирчин хүнд спортоо орхино гэдэг маш хэцүү шийдвэр байсан байх?
-Амьдралын 10-15 жилийг зориулчихсан спортоо орхино гэдэг тун хэцүү шийдвэр. Ийм шийдвэр гаргасан тамирчид сэтгэл зүйгээр маш их унадаг. Тэр үед бокс маань л бодогдоод, буцаад тамирчин болж рингэн дээр гармаар санагдаад байсан.
Хоёр жил орчим сэтгэл зүй хэцүү байсан. Сэтгэл санаагаар ч их унасан. Хүн шөнө унтахдаа ирээдүйн хийх ажлаа төлөвлөн боддог шүү дээ. Харин надад нүдээ анихаар л бокс бодогдоод байсан. Зорилгогүй ч юм шиг. Одоо бол хийж хэрэгжүүлэх олон ажил, зорилго төлөвлөгөө байна даа.
"Өөрийгөө ялан дийлж, дотоод хүнтэйгээ ойлголцож чадвал амжилтад хүрэх боломж бий"
-Та боксын спортоос сахилга бат, хүндлэл, техник, ур чадвар гээд маш олон зүйлийг олж авсан гэлээ. Тэгвэл спортоос олж авсан нөхөрлөлийн тухайд?
-Спортын нөхөрлөл. Маш сайхан зүйл. Бид бие биедээ үргэлж дэмтэй явдаг. Хэдийгээр ринг дээр ганцаараа боловч багаараа явдаг спорт. 2008 оны олимпт дөрвүүлээ боксоор эрх авч оролцсон. Бид бэлтгэл дээрээ жинхэнээсээ тулалдаж байж нэгэндээ "тус" болно. Нэгнийгээ өвтгөчих вий гэж бодвол "тус" болохгүй.
Өөрөөр хэлбэл, ринг дээр өрсөлдөх тамирчин чинь чамтай жинхэнээсээ л тулалдана шүү дээ. Хурд, хүчтэй мөчүүд. Тиймээс би боксоор хичээллэж буй дүү нартаа хэлдэг. Өнөөдөр өөрийгөө хуурч байвал маргааш чамд амжилт ирэхгүй гэж.
Багшийнхаа нүдэн дээр хоёр цохичихоод, цаашаа харах үед нь амарчихаад байвал хоёр алхмаар ухарч буй хэрэг. Тэгэхээр энэ зааланд орж ирсэн бол боломжит цагийг өөртөө зарцуулж, нэг зүйл ч гэсэн сураад гар гэж хэлдэг юм. Богино хугацаанд амжилт гаргах эсэх нь өөрсдөөс нь л хамаарна.
-Гавьяат тамирчин П.Сэрдамба та хоёрыг олимпт медаль авч цойлж байх үед хүүхэд залуус энэ спорт руу "дурлан" орж, та бүхнийг үлгэр дууриаллаа болгож байлаа. Тэр залуус бол өнөөдрийн боксын спортоор амжилт гаргаж яваа залуус. Харин дараа дараагийн үедээ үлгэрлэл болох боксын тамирчид байхгүй байна, уналтад орлоо гэх шүүмжлэл олон нийтийн дунд гардаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Хүүхэд залуустаа хандаж юу хэлэхийг хүсэж байна?
-Залуус маань өөр өөрийн дуртай спортоор хичээллэж байгаа. Сүүлийн үед хүүхдүүд маань сошиал орчноос хэтэрхий хамааралтай болж байна. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа нь харагдаж байна. Энэ нь спортоор хичээллэхэд багахан зүйл дээр шантрах цаашилбал өөрийгөө ялан дийлж чадахгүй байгаа юм болов уу гэж хардаг. Өөрийгөө ялж чадсан хүн л амжилтад хүрэх боломжийг өөртөө нээж чадна. Би ч ялгаагүй өөрийгөө “хуурдаг” байсан юм билээ.
Тэгэхээр хүн өөрийгөө олох нь чухал. Мөн өөрийнхөө хийхийг зорьсон зүйлдээ чин сэтгэлээ 100 хувь зориулж, хүрэх цэгээ тодорхойлох хэрэгтэй. Өөрийгөө ялан дийлж, дотоод хүнтэйгээ ойлголцож чадвал амжилтад хүрэх боломж бий. Тиймдээ ч би 2008 онд өөрийгөө ялж чадсаныхаа хүчээр олимпын аварга болж чадсан гэж боддог.
-Бидний урилгыг хүлээн авч Монголын спортын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн бахархам ялалтуудынхаа талаар болон тухайн үеийнхээ дурсамжаар манай уншигчдыг "аялуулсан" танд маш их баярлалаа. Таны ирээдүйн ажил үйлст гэгээн бүхнийг хүсье. Баярлалаа.
Ц.Янжиндулам