Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн шүүх хуралдаанаас Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарын хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргасан байна.
Хэргийг эргэн сануулбал, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Харин ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нь Улсын Нэгдүгээр эмнэлгийн хойд талд Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад оффис авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. АН-ын дэд дарга Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан байдаг ба ажиллах хугацаа нь дууссан байхад зөвлөлийн хуралд оролцож, Б.Шинэбаатарын хууль бус шийдвэр гаргахад хамтран оролцсон гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм.
Шүүхээс гаргасан өөр нэг шийдвэр бол ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар "Эрдэнэт үйлдвэр"-ийн дэд захирлаа ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрт давуу байдал бий болгож, Эрдэнэт үйлдвэрийг 10.9 тэрбумаар хохироосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэсэн явдал. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын "Мон лаа" компанитай зээлийн гэрээ байгуулж, 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудалд гэмт буруутайд тооцсон боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлжээ.