Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мэдээлэв.
Тэрбээр "Сэтгүүлч эрэн сурвалжлах үйл ажиллагааны хүрээнд мэдээллийг хайх эрхийг хязгаарлаагүй. Хэн нэгэн хууль бусаар хөрөнгө цуглуулж байгаад албан тушаалаасаа буусан бол тухайн хүний хөрөнгийг хувийн нууц гэж үзэн эрэн сурвалжилж, олон нийтэд мэдээлэх боломжгүй болгох гэж байсан асуудал байсан. Үүнийг бид эхний хэлэлцүүлгээрээ хэлэлцээд, хөрөнгийг хувийн нууцад оруулахгүй байхаар боллоо. Хүний биометрийн мэдээллүүд, бэлгийн чиг баримжаа, захидал харилцаатай холбоотой цахим мэдээлэл зэрэг нь хүний хувийн нууцад орж байна.
Мөн нэг чухал зүйл нь ялыг чангатгах хэрэгтэй. Ялыг чангатгахгүй бол "мэдээллийн алуурчид" үүссэн байна. Хүмүүс нэгнийхээ эмзэг мэдээллийг олж аваад шантаачилж байна. Жишээ нь, бэлгийн чиг хандлагыг нь хамт олонд нь илчлэх зэргээр сүрдүүлж байна.
Шүгэл үлээгчийн хууль, Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль батлагдах гэж байгаа энгийн иргэд нэг нэгэндээ хуулийн хариуцлага тавих боломжийг бүрдүүлж байгаа юм. Шүгэл үлээгч гэдэг нь даргад матах үйлдэл бус, нийгэмд ил гаргаж буй үйлдэл. Хүний хувийн мэдээлэлтэй холбоотойгоор караоке, хэвтэн эмчлүүлж байгаа өрөөнд дуу, дүрсний бичлэг байршуулахыг хориглож байна. Нийтийн мэдээлэлтэй холбоотой бас нэгэн чухал зүйл нь төрийн мэдээлиийн дэд бүтцэд хадгалагдаж байгаа мэдээллийг өөр нэг төрийн байгууллага ашиглах шаардлагатай бол иргэнээс дахин шаардахгүй байх зохицуулалтыг хийж байгаа" гэв.