Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган эхэллээ. Чуулган энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дөрвөн салбар хуралдаанд 800 орчим мэргэжилтэн цахим болон танхимын хэлбэрээр оролцох юм байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаануудыг зохион байгуулах гэж байна.
- 11 дүгээр сарын 8-ны өнөөдрийн хуралдааныг Төр-Хувийн хэвшил хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд
- 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааныг Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн асуудлаар
- 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааныг Цөлжилт, газрын доройтлын асуудлаар
- 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааныг Агро ойг хөгжүүлэх сэдвийн хүрээнд хуралдана.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа. Үүний 23 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн байгаа юм. Тиймээс бид цаашдаа цөлжилтийг бууруулах, ойн сан бүхий газар нутгийн хэмжээг тэлэх талаар нэгдсэн ямар бодлого баримтлах талаараа бүх салбарын эрдэмтэд, судлаач нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг аль болох өргөн хүрээнд нэгтгэхийг зорьж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байна. Тиймээс 2030 он хүртэл тарьц суулгацынхаа хэмжээг жил бүр хэрхэн өсгөх тооцооллыг гаргахад одоо байгаа нөөцөө 10 дахин өсгөх шаардлагатай болж байна. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцох байр сууриа илэрхийлж байгаа. Урьдчилсан байдлаар бид 20 гаруй ААН-тэй биечлэн уулзаж, хэрхэн оролцох талаар нь ярилцсан. Өнөөдрийн байдлаар 189 сая мод тарьж, ургуулах амлалтыг зөвхөн Уул уурхайн чиглэлийн компаниуд ирүүлээд байна" гэв.